ХБНГУ нь Афганистанд амьдарч буй өөрийн улсын иргэд болоод афган иргэдийг нүүлгэн шилжүүлэх сүүлийн нислэгээ өнгөрөгч 26-ны өдөр хийж дуусгасан тухай Deutsche Welle суваг мэдээлэв.
Уг мэдээнд 8-р сарын 31-ний өдөр нүүлгэн шилжүүлэлт албан ёсоор дуусахаас 5 хоногийн өмнө буюу 26-ны өдөр Германы A400M цэргийн тээврийн онгоц сүүлийн нислэгээ хийж Кабулын нисэх онгоцны буудлаас хөөрсөн тухай онцолжээ.
Цэргийн тээврийн онгоц нийт 5100 хүнийг нүүлгэн шилжүүлсний 3600 нь Афганистаны иргэд байсан юм.
Мөн тус мэдээнд дурдснаар одоогоор Афганистанд Германы хэчнээн иргэн үлдсэнийг тодорхой мэдэхгүй ч тус улсын Гадаад хэргийн яамны 25-ны өдөр мэдээлснээр 200 орчим хүн байгаа гээд энэ тоо цаашид өсч магадгүй гэжээ.
Германы Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч “Кабулын нисэх онгоцны буудал террористуудын заналхийлэл болон бусад хүчин зүйлээс болж тун тогтворгүй байгаа.” талаар дурдсан байна.
Эх сурвалж: Financial News