Гаити: Ерөнхийлөгч асан Жовенел Мойсийг хөнөөсөн хэрэгт ерөнхий сайдыг нь буруутгажээ
9 сарын 15. 12:390 сэтгэгдэл637

Өнгөрөгч долдугаар сард Гаити улсын ерөнхийлөгч Жовенел Мойсийг гэрт нь хөнөөж, эхнэр Мартинэ Мойсийг хүндээр шархдуулсан хэрэг гарсан. Улмаар тус хэргийг хариуцан ажиллах шүүх бүрэлдэхүүн, прокурорыг томилоход ихээхэн хүндрэл үүсэж байгаа тухай бид мэдээлж байсан юм.

Тэгвэл тус хэргийг хариуцан ажиллаж байсан прокурор Бэд-Форд Клаудын зүгээс одоогийн ерөнхий сайд Ариэл Хэнриг ерөнхийлөгчийн аминд хүрсэн хэрэгт буруутгаж, Гаити улсаас гарах эрхийг нь хасахыг хүссэн байна.

Тэрээр, “Ариэл Хэнриг буруутнаар татах хангалттай баримтууд байна. Жишээлбэл хэрэг гардаг өдөр тэр гол сэжигтэнтэй хоёр ч удаа утсаар ярьсан байсан. Тиймээс түүнийг шүүхэд дуудаж, тайлбарыг нь сонсох хэрэгтэй” хэмээжээ.

Гэвч түүнийг шүүхэд тийн мэдүүлснээс хэдхэн цагийн дараа ерөнхий сайд Ариэл Хэнри Бэд-Форд Клаудыг хэрэг дээр ажиллахаас түдгэлзүүлж, оронд нь Франц Луи Жастэг томилсон байна.

Гэнэтийн томилгооны хүрээнд ерөнхий сайдаас тайлбар авах гэсэн ч хэвлэлийн төлөөлөгч нь боломжгүй гэж мэдэгдсэн юм.

Одоогоор прокурорыг сольсон явдал хэргийг шүүх явцад нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байгаа ч шинжээчдийн зүгээс эцсийн шийдвэр шүүгчдийн гарт байгаа хэмээжээ. Улмаар шинэ прокурор томилогдсон ч түүний хүслээс үл хамааран шүүгчид Ариэл Хэнриг буруутнаар татан байцааж болох гэнэ.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ