Кувейт: Хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарчээ
10 сарын 18. 22:500 сэтгэгдэл10,676

Орон нутгийн цагаар 18-ны өдөр Кувейт улсын газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарч, ойролцоогоор хоёр цагийн дотор унтраасан тухай Aссошиэйтед Пресс болон Ройтерс зэрэг томоохон сувгууд мэдээлэв.

Кувейт улсын газрын тосны корпорациас (KNPC) мэдээлснээр, мөн өдөр нийслэл Кувейт хотоос өмнө зүгт 45 километрийн зайд орших Мина аль-Ахмади нефть химийн цогцолборт гал гарчээ. Гал нь тус байгууламж доторх хүхэр дахин боловсруулах үйлдвэрт гарсан байна.

 

 

Тус улсын үндэсний газрын тосны корпораци твиттер хуудсаараа дамжуулан “Нефть боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар нэгэн асуудал болохуйц том хохирол учраагүйн дээр дотоодын нийлүүлэлт болон шатахууны экспортод ямар ч нөлөө үзүүлэхгүй” гэж мэдэгдсэн байна.

Гэсэн хэдий ч галын улмаас хэд хэдэн ажилчин бэртэж, зарим нь эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа гэж нэмж дурджээ. Орон нутгийн оршин суугчид Ассошиэйтед Пресс агентлагт өгсөн ярилцладаа "хүчтэй дэлбэрэлт сонсогдож, газрын тос боловсруулах үйлдвэрээс хар утаа гарч байсан” хэмээв. Гал түймэртэй тэмцэх албаныхан гал гарснаас хойш хоёр цагийн дотор бүрэн унтраасан ба тус газрын тос боловсруулах үйлдвэр нь орон сууцны хорооллоос хол байсан талаар онцолжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр шатсан нефть химийн цогцолбор нь Кувейтийн хамгийн том цогцолбор бөгөөд өдөрт 346 мянган баррель нефть боловсруулах хүчин чадалтай аж. Хэдийгээр Кувейт 4.1 сая хүн амтай жижиг улс боловч газрын тосны нөөцөөрөө дэлхийд 6-рт ордог юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ