Атаархлаас хэрхэн ангижрах вэ
11 сарын 19. 10:170 сэтгэгдэл3,990

Хүн бүр л амьдралдаа хэзээ нэг цагт атаархлыг мэдэрдэг. Атаархал гэдэг хэдийгээр хүний сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр ч гэсэн, таны ажил амьдрал атаархалд эзлэгдвэл нөхцөл байдлыг хурцатгах аюул тээж байдаг. Тиймээс өөрийн сэтгэл мэдрэмжийг хянаж, атаархлаа ойлгох нь зайлшгүй шаардлага юм. Зарим тохиолдолд та хэн нэгний атаархлыг төрүүлэгч нэгэн байхад, заримдаа та өөрөө атаархагч нэгэн байх нь бий. Харамсалтай нь аль нь ч байлаа гэсэн ажил хэрэг, амьдралын хүрээнд атаархал хэт их байр суурийг эзлэх аваас харилцаанд нөлөөлж, багийн ажиллагааг муутгаж, ажлын үр бүтээмжээс хойш татаж байдаг.

Тэгвэл атаархал, хардалт хоёрын ялгаа юу вэ?

Зарим хүмүүс атаархал, хардалт хоёрыг нэг ойлголт гэж үзэх нь бий. Гэвч яг үнэндээ эдгээр хоёр тэс ондоо зүйл юм. Хүнд хардах мэдрэмж төрөх үед өөрт хамаарах зүйлээ бусдад алдах гэж байгаа мэтээр сэтгэдэг бол атаархал нь хүнд байгаа зүйлд шунах хүслийг хэлдэг. Хэрэв хэн нэгэн таны найз залуу эсвэл бүсгүйтэй харилцаанд орох аваас танд хардах мэдрэмж төрнө шүү дээ. Харин тантай яг л нэг ижил цэгээс эхэлсэн хүн танаас илүү амьдарч байвал танд атаархах мэдрэмж төрж болно.

Тэгвэл атаархлаас хэрхэн ангижрах вэ? Үүний тулд нэн түрүүнд өөрийн “би” гэх үзлээ анзаарах хэрэгтэй.

Дараах дөрвөн алхмын тусламжтай та өөрийн атаархалтай тэмцэж, найрсаг, эерэг харилцааг бүрдүүлж чадах юм.

Алхам 1. Өөрийн бурууг хүлээн зөвшөөрөх

Хэрэв та ямар нэг хэлбэрээр хэн нэгэнд атаархсан бол үүнийгээ хүлээн зөвшөөр. Өөрийн сэтгэл мэдрэмжид эзэн нь байж гэмээнэ та тэднийгээ удирдаж чадна шүү дээ. Хамтран ажилладаг хүн тань тушаал дэвшихэд та ч тушаал дэвшмээр санагдах нь байх л зүйл. Гэхдээ та өөртөө үнэн байж, хэрэв ямар нэг хэлбэрээр атаархсан бол жөтөө болохоос урьдаар атаархсанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Алхам 2. Бусдын амжилтад баяр хүргэж сур

Сайн хамтрагч байхын нэг үзүүлэлт нь хамтран ажиллагчдынхаа амжилтад баярлаж чаддаг нэгэн байхыг хэлнэ. Танай багт ажилладаг нэгэн урамшуулал хүртэх болзол хангаж, та харамсалтай нь болзлыг хангаж чадаагүй гэж төсөөлье. Тэгвэл өөрийн ямар боломж алдсанаа бодож суухын оронд хамтрагчдаа баяр хүргэх хэрэгтэй. Ингэснээр таны ажлын орчин илүү эрүүл, хүндэтгэл дүүрэн байх юм.

Алхам 3. Өөрийн ментороор хамгийн шилдгүүдийг сонго

Танаас илүү амжилттай яваа хүмүүст атаархаж, тэднийг өрсөлдөгчөө гэж харахын оронд тэднээс заавар зөвлөгөө ав. Ингэснээр та өөрийн ур чадварыг дээшлүүлж, бусдаас суралцах болно. Мөн тэдгээр хүмүүсийн эргэн тойронд үзэгдсэнээр таныг бусад ажилтнууд, удирдлагууд ч илүүтэй тоох магадлалтай юм.

Алхам 4. Ажил амьдралаа салга

Хэрэв та ажил дээрх атаархлаа өөгшүүлж орхивол, атаархал таны ажлын хүрээнд л зөвхөн нөлөөлөөд зогсохгүй амьдралд тань ч гэсэн хутгалдах болно. Улмаар атаархах мэдрэмж нь хүн өөрөө л ямар нэг арга хэмжээ авахгүй бол хаа сайгүй дагаж явдаг болохыг нэгэн их сургуулийн судлаачид тогтоосон байна. Тиймээс хүн өөрийн ажил амьдралыг сайтар ялгадаг байх нь маш чухал юм.

Хэрэв та хэн нэгний атаархах шалтгаан болсон бол

1. Өөрийн гэм бурууг үнэл

Хэрэв хэн нэгэн танд атаархаж байгааг мэдэрвэл, нэг алхам ухраад өөрийгөө толинд хар. Магадгүй та өөрөө тухайн хүний атаархлыг улам өдөөж байж болох шүү дээ.

2. Тулж харьц

Атаархал хүнийг буруу үйл хийхэд хүргэх нь бий. Улмаар танд хэн нэгэн атаархсаар байвал таны тухай хов жив, цуу яриа үргэлж байх бөгөөд зарим тохиолдолд таныг хорлох гэж оролдох вий. Тиймээс хэн нэгэн танд илтээр атаархаж байх аваас тэр хүнтэй шууд тулж харьцсан нь дээр. Өөрийн ямар нэг зүйл буруу хийсэн эсэхийг асууж, яавал харилцаагаа эрүүл авч үлдэж болох боломжийг тодруул.

Ихэнх тохиолдолд ийн ярилцах нь нөгөө хүний атаархлыг нимгэлж, таны тухай эерэг сэтгэгдэлтэй болоход тусалж байдаг юм.

Хэрэв та дээрх аргуудыг бүгдийг нь хэрэглээд ч хэн нэгэн танд атаархахыг болиулж чадахгүй эсвэл та өөрөө хэн нэгэнд атаархахаа болихгүй байвал ажлын байраа сольж болно. Zangia.mn сайт дээр нэг өдөрт хэдэн зуун зар орж байхад та өөрт таалагдах ажлын байраа олж л таараа. Өөрийн сонирхсон ажлын байрыг хүсэж буй цалингийн хэмжээтэй оруулахад таны хүссэн илэрц хормын дотор л гарч ирэх вий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ