Инстаграм платформ зарим хэрэглэгчээс өөрийгөө олон өнцгөөс харуулсан селфи дүрс бичлэгийг явуулж, хаягаа баталгаажуулж, робот биш хүн болохоо нотлохыг хүсжээ. Энэ тухай мэдээллийг Твиттер хуудаснаа Мэтт Наварра гэх эрхэм нийтэлсэн юм.
Инстаграмын зүгээс худал мэдээлэл түгээдэг, хэрэглэгчдийн эрхэнд халддаг, лайк, дагагчдын тоог автоматаар өсгөдөг ботуудтай үргэлж тэмцэж ирсэн бөгөөд олон нийт Метаг энэхүү асуулгаар дамжуулан тэдгээр бот хаягийг устгах арга хэмжээ авч байна хэмээн таамаглаж байгаа ажээ.
Харин XDA хөгжүүлэгчдийн хэлж байгаагаар Мета компани энэ асуулгыг өнгөрсөн жил боловсруулсан ч техникийн асуудлаас болоод хэрэглээнд нэвтрээгүй гэнэ.
Гэвч одоогоор Метагийн зүгээс ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
Эх сурвалж: The Verge