Агаарын тээврийн хөдөлгөөний томоохон төвүүдийн нэг болох Хонконг коронавирусээс сэргийлэх журмуудаараа дэлхийд хамгийн хатууд тооцогддог билээ. Тэгвэл Катхэй Пасификийн хоёр нисгэгч саяхан BBC агентлагт ярилцлага өгч, Хонконгийн агаарын тээвэрт хүчин зүтгэх ямар хэцүү байгаа тухайд өөрсдийн сэтгэгдлийг хуваалцжээ.
Улмаар Катхэй Пасификийн нисгэгч Пиерр гэх эрхмийн хэлснээр тэрээр энэ жилд л гэхэд 150 хоногийг тусгаарлалтад өнгөрүүлсэн байна.
Хэдийгээр Хонконгт ойрын саруудад коронавирусийн дотоодын халдвар бараг л бүртгэгдээгүй ч тус хот шинжилгээ, тусгаарлалтын дэглэмийг чандлан баримталж байгаа юм.
Тийнхүү шинжилгээ, тусгаарлалтын журам нисгэгч нарт ч хамаатай тул учир тэдний амьдралын ихэнх цаг нэг бол ажил дээр нь, нөгөө бол тусгаарлалтад өнгөрч байгаа ажээ.
Журамд заасны дагуу Хонконгийн нисэх онгоцны буудалд ирсэн бүх аялагч шинжилгээ өгөх ёстой бөгөөд хариу сөрөг гарахаас үл хамааран тусгаарлалтад орох гэнэ. Харин нисгэгчид онгоцонд 25-30 цагийг өнгөрөөж, 4 цагийн турш үргэлжлэх шинжилгээний шат дамжлагыг давдаг тул энэ нь ажлын нөхцөлийг улам хүндрүүлж байгаа юм. Тийнхүү шинжилгээ өгөөд сөрөг гарвал тэд гэртээ харих эрхтэй болох ч 3 хоногийн гэрийн тусгаарлалтад орох гэнэ.
Энэхүү журам гадаадын авиа компаниудад ч хамаатай бөгөөд нисгэгчид гадаад оронд ч маш хатуу журам баримтлан ажиллах юм. Улмаар бүхээгийн багийн гишүүд онгоц газардсан цагаас шууд өрөөгөө зорих бөгөөд өрөөнөөсөө гарах эрхгүй, дараагийн нислэг хүртэл өрөөндөө бүгээд тэндээсээ нисэх онгоц хүртэл нэг ч дэлгүүр хоршоогоор оролгүй явах гэнэ. Өрөө бүрийн гадна харуул байх тул коридорт ч гарах боломжгүй ажээ.
Тийнхүү энэ мэт журам нь ажилчдын сэтгэл санаанд шууд нөлөөлж байгаа юм. Харин Катхэй Пасификийн зүгээс засгийн газраасаа баталсан журмаа эргэн харахыг хүссэн байна.
Эх сурвалж: BBC