БНХАУ дижитал юанийнхаа хэрэглээг өргөжүүлэхээр хичээж байна
1 сарын 13. 10:220 сэтгэгдэл786

БНХАУ дижитал юанийнхаа хэрэглээг өргөжүүлэхийн тулд технологийн томоохон компаниуд болох Тенсент, Алибаба нартай хамтран ажиллах болжээ.

Хятадын Ардын банкны зүгээс 2014 оноос хойш өөрсдийн үндэсний мөнгөн дэвсгэртийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажлыг хийсэн бөгөөд үүний гол зорилго нь бэлэн болон задгай мөнгөний хэрэглээг танах, орлох байсан юм. Харин дижитал юанийн криптовалютаас ялгарах шинж нь дижитал юань Хятадын төв банкны хяналтад байх гэнэ.

Тийнхүү нэгэнтээ нэвтрүүлсэн дижитал юанийнхаа хэрэглээг нэмэгдүүлэхээр Хятадын Ардын банкнаас дижитал юанийн хэтэвч хөгжүүлэн гаргасан байна. Гэвч одоогоор тус хэтэвчийг Хятадын 10 том хотод л хэрэглэж болох ажээ.

Улмаар Хятад улсдаа тэргүүлэгч зэрэгтэй WeChat Pay, Alipay гэх төлбөрийн системүүд дижитал юанийн хэрэглээг дэмжих болсноо зарласан боловч одоо хамгийн том бэрхшээл нь хүмүүсийг төв банкнаас хөгжүүлсэн хэтэвчийг ашиглахад уриалж, тэдгээр аппликэйшнээс татгалзахад хүргэх гэнэ.

Учир нь хэтэвчний гол зорилго Хятадын үндэсний хамгийн том, найдвартай дижитал хэтэвч болох бөгөөд Тенсент болон Алибаба компаниудтай хамтран ажиллах нь тэднийг зорилгодоо хүрэхэд ихээхэн түлхэц болно гэж итгэж байгаа юм. Яагаад гэвэл Тенсент компанийн нийлүүлдэг WeChat аппликэйшн л гэхэд даруй 1 тэрбум хэрэглэгчтэй бөгөөд аппликэйшн, хэтэвчний уялдаа холбоог сайжруулахад хэрэглэгчдийн тоо тасралтгүй өснө гэсэн найдлагатай байгаа ажээ.

Түүнчлэн тэд өвлийн Олимпын үеэр ч дижитал юанийн хэрэглээгээ таниулах бөгөөд Олимпын хотхоны худалдааны цэгүүд бүгд дижитал юаниар худалдаа хийх боломжтой байх гэнэ.

Хятад улсын адилаар бусад улс орон мөнгөн дэвсгэртээ дижитал хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байгаа ч Хятад улс энэ талбартаа тэргүүлэгчийн байр суурийг хадгалж байгаа юм.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ