Тайланд улс "Бүс ба зам" санаачилгын гол төсөл болох Хятад-Лаос чиглэлийн төмөр замтай удахгүй холбогдох аж. Тус улс нь 2019 онд Лаосаар дайран Хятадтай холбогдох төмөр замын бүтээн байгуулалтын гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.
"Бангкок шуудан" сонины 18-ны өдөр мэдээлснээр, Тайландын засгийн газрын зүгээс өнгөрсөн долоо хоногт Хятад-Лаос чиглэлийн төмөр замтай холбогдох зүүн хойд бүсийн Нонг Хай муж болон Лаос хоёрыг холбосон хоёр дахь төмөр замын гүүрийн бүтээн байгуулалтыг түргэтгэх тухай чиглэлийг Тайландын Үндэсний төмөр зам компанид (SRT) өгчээ.
Шадар сайд бөгөөд Эрүүл мэндийн сайд Анутин Чанвиракул хэлэхдээ, "Хэрэв Хятад-Лаос чиглэлийн төмөр зам Тайландтай холбогдвол Хятадын баруун хэсэг, Лаос, Тайландад эдийн засгийн хөгжлийг авчрах нь дамжиггүй юм” гэжээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажил дууссаны дараа Тайланд Хятадын хоорондох хуурай замын тээврийн зардал одоогийнхоос 50 хүртэл хувиар буурна гэж Шадар сайд Анутин үзэж байгаа аж. Тэрээр үргэлжлүүлэн "Хятад-Лаосыг холбосон төмөр зам ашиглалтад орсны ачаар Тайланд Хятадын хоорондох ачаа тээвэрлэх хугацаа аль хэдийн нэг хоногоор богиносч, өртөг нь мөн 25 хувиар буурсан" хэмээн онцолжээ.
Тээврийн сайд Саксаям Чит Чоп мөн өдрийн өмнөх парламентын хуралдаан дээр “Тайландын аж үйлдвэрийн салбар төмөр замын бүтээн байгуулалтаас олж авах боломж асар их байх болно” гэж мэдэгджээ.
Одоогийн байдлаар Тайланд, Хятадын хоорондох худалдааны 90% нь далайгаар, үлдсэн хэсэг нь Лаосоор дамжин хуурай замаар хийгдэж байна. Хоёр улсын худалдааны хэмжээ 2012-2020 онуудад тогтвортой өсч, ялангуяа 2017-2020 онд экспортын хэмжээ бүр гурав дахин нэмэгдэж, импорт ч багагүй өссөн үзүүлэлттэй гарсан юм.
“Тайланд, Лаос улсууд энэ жилийн дөрөвдүгээр сараас эхлэн хил дамнасан ачаа тээврийн гаалийн журмыг хялбаршуулах арга замыг судлах тохиролцоонд хүрсэн” хэмээн сайд Саксаям мөн хэлэв.
Мөн Хятад-Лаос чиглэлийн төмөр замыг Тайландын Нахон Ратчасима-Нонг Хай чиглэлийн өндөр хурдны төмөр замтай холбох тохиролцоонд хүрснээ мэдэгдлээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр ашиглалтад орсон Хятад-Лаос чиглэлийн төмөр зам нь БНХАУ-ын Кунмин хот болон Лаосын нийслэл Вьентьян хотыг холбодог ба 1035 километр урттай уг төмөр замаар галт тэрэг 160 км/цагийн хурдтай довтолгодог байна.
Эх сурвалж: Asiae