АНУ-ын хөрөнгө оруулалтын банкуудын таамаглаж буйгаар энэ оны зун гэхэд олон улсын нефтийн үнэ баррель нь 100 ам.долларыг давна хэмээн Уолл Стрит Журнал сонин орон нутгийн цагаар 27-ны өдөр мэдээлжээ.
Тус мэдээнд дурдсанаар, АНУ-ын зах зээл дэхь нефтийн үнийг тодорхойлдог WTI буюу West Texas Intermediary маркын нефтийн арилжаа мөн өдөр баррель нь 88.61 ам.долларт хүрч, зөвхөн энэ онд 15%-иар өсөөд байна. Харин дэлхийн улс орнуудын 2/3 нь буюу дийлэнх нь нефтийнхээ жишиг үнэ болгодог Хойд Европын Brent маркын нефтийн үнэ нэг баррель нь 89.34 ам.долларт хүрч, мөн 15%-иар өсчээ. Өнгөрсөн жил 50 гаруй хувиар өссөн олон улсын нефтийн үнэ энэ жил ч өсөх хандлагатай байгаа аж.
Morgan Stanley хөрөнгө оруулалтын банкны таамгаар энэ оны хоёрдугаар улиралд Brent маркын нефть баррель нь 100 ам.доллар, WTI нефть баррель нь 97.50 ам. доллар болж өснө гэжээ.
Харин Goldman Sachs банкны үзэж буйгаар мөн хоёрдугаар улиралд Brent маркын нефть баррель нь 100 ам.долларт хүрэх бол WTI марк ч үүнээс бага зэрэг доогуур байх болно гэв.
Bank of America-ын хувьд ирэх долдугаар сард WTI маркын нефть баррель нь 117 ам.доллар, харин Brent марк баррель нь 120 ам.долларт хүрнэ гэж зоригтойгоор таамагласан байна.
Тус мэдээнд дурдаснаар цаашид цар тахлын нөхцөл байдал хэрхэх нь үүнд хамгийн гол нөлөөг үзүүлэх болно гээд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард омикрон хувилбарыг анх илэрэхэд дельта хувилбар ид тархаж байсан үеийнх шиг дэлхий даяар хөл хорио тогтоохоос аргагүйд хүрэх вий гэсэн болгоомжлол олон улсад үүсээд байсан билээ. Гэвч азаар омикроны хувилбарын олон улсын зах зээлд үзүүлэх нөлөө нь хүлээж байснаас бага байна гэж онцолжээ.
Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын замын хөдөлгөөн цар тахал дэгдэхээс өмнөх үе буюу 2019 оны арваннэгдүгээр сараас 2.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан нь сүүлийн арван жилд гараагүй өндөр түвшин болсон аж.
Гэвч нөгөө талд газрын тосны нийлүүлэлт цаашид өсөх боломж хомс байгаагийн дээр зах зээл дэх газрын тосны нөөц бага байгаа юм. Үүнээс үүдээ энэ зун өндөр хөгжилтэй орнуудад газрын тосны нөөц сүүлийн 20 жилд байгаагүйгээр доод түвшинд хүрнэ гэж Goldman Sachs хөрөнгө оруулалтын банкны зүгээс таамаглажээ.
Мөн тус банкны шинжээчдийн дүгнэж буйгаар түүхий нефтийн нөөц бага, нийлүүлэлт ч өсөх боломжгүй ийм цаг үеүүдэд газрын тосны үнэ үргэлж огцом өсч байсан гэдгийг онцлон тэмдэглэжээ
Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг 1990-1991 оны Персийн булангийн дайн, 2011 оны Ливийн иргэний дайны үеийнхтэй харьцуулж болохуйц байна гэж шинжээчид онцлов.
Эх сурвалж: SBS