Путины эсрэг авч болох хамгийн үр дүнтэй хориг бол гадны орнууд дахь нууц хөрөнгийг нь илрүүлэх явдал
2022, 2 сарын 26. 0:140

Нобелийн шагналт эдийн засагч, Нью-Йорк хотын их сургуулийн профессор Пол Кругманы үзэж буйгаар Оросын талд дарамт үзүүлэх хамгийн үр дүнтэй арга бол Ерөнхийлөгч Владимир Путин болон түүний ойрын хүрээллийнхэний гадны орнуудад нуусан хөрөнгийг илрүүлж, хориг арга хэмжээ авах явдал хэмээн онцолжээ.

Профессор Кругман орон нутгийн цагаар 24-ний өдөр Нью-Йорк Таймс сонинд нийтэлсэн нийтлэлдээ одоогийн байдлаар барууны орнуудын хэрэгжүүлж байгаа санхүүгийн ерөнхий хориг арга хэмжээнүүд нь Орост урт хугацаандаа асар их хохирол учруулах боловч богино хугацаанд тийм ч их нөлөө үзүүлэхгүй гэж таамагласан байна.

Ялангуяа гадаад худалдааны хориг арга хэмжээ авч Оросын экспортыг хаах нь Оросын байгалийн хийнээс ихээхэн хамааралтай Европын хувьд "давхар иртэй сэлэм" гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Мөн Орос улсыг олон улсын санхүүгийн тооцооны сүлжээ болох SWIFT-ээс гаргахгүй бол санхүүгийн хориг арга хэмжээ хязгаарлагдмал байх төлөвтэй байгаа талаар дурдав. Гэвч SWIFT-ээс гарах нь тийм ч амар биш бөгөөд Европ руу нийлүүлэгддэг Оросын хий зогсоно гэсэн үг юм.

Профессор Кругманы хэлж буйгаар барууны орнуудын Путины эсрэг далайж болох хүчирхэг зэвсэг бол Орост шинээр гарч ирж буй конгломерат "олигархи"-ын гадаад дахь асар их хөрөнгийг олж илрүүлэх явдал юм гэв.

Мөн Франц улсын Парисын Эдийн засгийн сургуулийн (PSE) профессор Филипп Новокманы 2015 онд хэвлүүлсэн нийтлэлд дурдсанаар Оросын олигархуудын гадны орнуудад нуусан баялаг тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 85 хувьтай тэнцэх ба 100 гаруй тэрбум доллароор хэмжигдэнэ хэмээж байсан юм.

Профессор Кругманы хэлснээр “АНУ-ын "Өрсөлдөгчдийн эсрэг нэгдсэн хориг арга хэмжээний тухай хууль" (CAATSA) зэрэг хуулиуд нь Оросын олигархуудын нуугдмал хөрөнгийг олж илрүүлэн тэдэнд дарамт шахалт үзүүлэх боломжийг олгож мэднэ. Үүгээр дамжуулан Путины дэглэмд санхүүгийн асар их дарамт шахалт үзүүлэх боломж байгаа” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Тэрээр хэлэхдээ, барууны орнуудын авч буй хориг арга хэмжээ төдий л дорвитой байж чадахгүй байгаад хоёр үндсэн шалтгаан бий. Үүний нэг нь барууны нөлөө бүхий хүмүүс болон Оросын олигархуудын дундах холбоо сүлбээ юм гэжээ.

Оросын олигархуудын эзэмшдэг тансаг дарвуулт онгоцууд, томоохон спортын клубууд, гадны орнууд дахь тансаг зэрэглэлийн хэт өндөр үнэтэй харшуудыг олон нийт хэдий нь андахаа больсон. Их Британид “Лондонград” гэдэг хэллэг гарах хүртэл хэмжээгээр Оросуудтай холбоотой хөрөнгө цуглаж байна.

Гэвч барууны орнуудын эдийн засаг, улс төрийн асар нөлөө бүхий хүмүүс Оросын олигархуудтай санхүүгийн хувьд маш гүнзгий хутгалдсан учраас хориг арга хэмжээ авах эсэх нь тун эргэлзээтэй юм хэмээв.

Хоёрдугаарт, Оросын магнатуудын хөрөнгийг мөшгих нь бүх мөнгө угаагчдын хувьд томоохон сорилт болно. Учир нь дэлхийн тэргүүн баячуудын дийлэнх нь гадаад дахь дансандаа мөнгөө нуусан байдаг бөгөөд Оросуудын хөрөнгийн араас хөөцөлдөх нь тэдний баялгийг илчлэх боломжийг ч олгох юм.

Хэрэв Путины хамгийн том сул талын эсрэг үр дүнтэй арга хэмжээ авахыг хүсвэл барууны орнууд авлигатайгаа нүүр тулах шаардлага гарна. Ардчилсан ертөнц энэ сорилтыг даван туулж чадах эсэх нь хэдхэн сарын дараа тодорхой болно” хэмээв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
1
0
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04