Калифорни муж ирэх жилээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15.5 ам.доллар болгон нэмэгдүүлнэ
5 сарын 14. 1:1001,871

АНУ-ын Калифорни муж ирэх жилээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагийн 15.5 ам.долларт хүргэхээр шийджээ. Учир нь бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаагийн дээр ажиллах хүчний хомсдолын асуудал улам даамжирч буйгаас үүдэлтэй юм.

Амбан захирагч Гэвин Ньюсом орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдэгдсэнээр Калифорни муж дахь бүхий л аж ахуй нэгжүүдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх оны 1-р сарын 1-ээс эхлэн цагийн 15.5 ам.доллар болгон нэмэгдүүлэх болно хэмээн цохон тэмдэглэв. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр 3 сая орчим хөдөлмөр эрхлэгч энэхүү шийдвэрийн ашиг шимийг хүртэх төлөвтэй байна.

Тус мужид одоогийн байдлаар 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагийн 15 ам.доллар байгаа бол 25 ба түүнээс цөөн ажилтантай аж ахуйн нэгжийнх цагийн 14 ам.доллар байгаа юм. Ингэснээр ирэх жилээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1-1.5 ам.доллараар нэмэгдэхээр болсон байна.

Калифорни мужийн зүгээс уг шийдвэрийг гаргах болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Цар тахлын улмаас хямраад байсан эдийн засаг хэдийгээр сэргэж эхэлж байгаа ч газрын тос, хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж байна” хэмээн дурджээ.

2016 онд Калифорни мужийн хууль тогтоох байгууллага 2021-2022 оны санхүүгийн жилд инфляцийн түвшин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7%-иас хэтэрсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагийн 15.5 ам.доллар хүртэл нэмэгдүүлэх хууль тогтоомжийг баталсан аж. Сангийн яамны мэдээлснээр, зургадугаар сарын сүүлээр дуусах 2022 оны санхүүгийн жилийн инфляцийн түвшин 7.6 хувьд хүрэх төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ