Дэлхийд улаан буудайн хоёр дахь том үйлдвэрлэгч Энэтхэг улс улаан буудай экспортдоо хориг тавьжээ
5 сарын 15. 0:59212,044

Дэлхийд улаан буудайн хоёр дахь том үйлдвэрлэгч Энэтхэг улс хүнсний аюулгүй байдлыг хангах нэрийдлээр улаан буудай экспортлохыг хориглосон нь олон улсын зах зээлд томоохон нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

Улаан буудайн гол үйлдвэрлэгч Орос, Украины дайны улмаас олон улс дахь улаан буудайн үнэ тэнгэрт хадаж байгаа энэ цаг үед Энэтхэг улс хүртэл экспортод хориг тавьж байгаа нь уг зах зээлд гинжин шок үүсгэх нь гарцаагүй юм.

Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Ройтерс агентлагийн 14-ний өдөр мэдээлснээр, Энэтхэгийн Гадаад худалдааны яам улаан буудайн экспортыг хориглохоор болсон тухайгаа өмнөх орой нь мэдэгджээ. Гадаад худалдааны яамны зүгээс энэхүү шийдвэрийг гаргах болсон шалтгаанаа тайлбарлахдаа олон улсын зах зээл дэх улаан буудайн үнийн өсөлтөөс улбаалан Энэтхэг болон түүний хөрш зэргэлдээ орнууд, бусад хөгжил буурай орнуудын хүнсний аюулгүй байдал эрсдэлд орж байна хэмээн мэдэгдсэн байна.

Мөн Энэтхэгийн засгийн газар хүнсний аюулгүй байдлыг хангах, хөрш орнууд болон бусад буурай орнуудын хэрэгцээг хангах үүднээс улаан буудайн экспортын бодлогодоо өөрчлөлт оруулж буйгаа зарлав.

Гэвч 13-ны өдрөөс өмнө буцалтгүй аккредитив нээсэн болон гадны орнуудын хүсэлтээр Энэтхэгийн засгийн зөвшөөрөл олгосон тохиолдолд улаан буудай экспортлохыг зөвшөөрнө гэсэн заалтыг хавсаргажээ.

Энэтхэг улаан буудайн экспортыг хориглох тухай зарласнаар дэлхий даяар улаан буудайн үнийн өсөлтийн давалгаа үүсэх төлөвтэй байна.

Дэлхийн улаан буудайн экспортын 25 хувийг бүрдүүлдэг Орос, Украин улсууд хоорондоо дайтаж, улаан буудайн нийлүүлэлт багассанаар өнгөрөгч гуравдугаар сарын байдлаар Чикагогийн худалдааны бирж дээр нэг тонн улаан буудайн үнэ 407 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оныхоос 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Энэтхэг улс дэлхийн улаан буудайн хомсдолыг нөхөх боломжтой гэж таамаглаж байсан ч өнгөрөгч гурав, дөрөвдүгээр сард тус улсад хэт халсны улмаас үйлдвэрлэлийн хэмжээ буурснаар экспортыг хязгаарлах санал гарсан бололтой.

Өнгөрсөн долоо хоногийг хүртэл тус улсын засгийн газар энэ жилийн улаан буудайн үйлдвэрлэлийн тооцоог харгалзан экспортод хяналт тавих шаардлагагүй гэж мэдэгдэж байсан билээ.

Энэтхэг улс 2021-2022 оны санхүүгийн жилд 7 сая тонн улаан буудай экспортолсон бөгөөд үүний тал орчим хувийг Бангладеш руу гаргасан байна. Энэтхэг улсад хэт халалт үргэлжилсний улмаас улаан буудайн үйлдвэрлэл буурсан нь дотоодын хүнсний үнийн өсөлтийг дагуулж улаан буудайн экспортын хяналт тогтоохоос аргагүйд хүрсэн гэж үзэж байна.

Энэтхэгт хэрэглээний үнийн инфляци өнгөрсөн сард 7.79 хувиар өссөн нь сүүлийн найман жилд байгаагүй өндөр үзүүлэлт болж, хүнсний жижиглэнгийн үнэ 8.38 хувиар өссөн байна.

Ялангуяа олон улсын зах зээлд улаан буудайн үнэ дотоодын зах зээлийнхээс хамаагүй өндөр байгаа үед улаан буудай үйлдвэрлэгч, борлуулагчид орны хувиар экспортод анхаарлаа хандуулж, дотоодын зах зээлд ч улаан буудайн үнэ өсөх вий гэсэн болгоомжлолоос үүдэн уг шийдвэрийг гаргасан бололтой.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
66.181.161.57
   /
5 сарын 15. 21:36

Оросыг дэмждэг орнууд өрнөдийнхэнд юу ч битгий өг энэтхэг мундаг

   /
5 сарын 15. 11:52

Za

Онцлох мэдээ