Афганистанд 6.1 магнитудын газар хөдлөлт болж 1000 гаруй хүн амиа алджээ
6 сарын 23. 4:440

Афганистаны зүүн хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 1000 гаруйд хүрсэн гэж Афганистаны төрийн мэдлийн Бахтар агентлаг мэдээлэв.

6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт Пакистаны хилийн ойролцоох Пактика мужид орон нутгийн цагаар 22-ны өдрийн 01:30 цагт болсон ба газар хөдлөлтийн голомт ердөө 10 км-ийн гүнд байсан тул ийнхүү асар олон хүн амь үрэгдэх нөхцөл бүрдсэн байна. Бэртэж гэмтсэн иргэдийн тоо ч 1500-д хүрсэн нь цаашид амь насаа алдсан иргэдийн тоо нэмэгдэх магадлалыг өндөрсгөж байгаа юм.

Алслагдсан уулархаг нутгуудаар газар хөдлөлт болж хэд хэдэн газар хөрсний гулгалт үүссэний дээр шавар байшингууд хэдэн мянгаараа нурж сүйдсэн байна. Нуранги дор дарагдсан амьд үлдсэн хүмүүсийг аврах нь яаралтай ажил боловч гамшигт нэрвэгдсэн нутгийн ихэнх хэсэг нь зам харилцаа тун сул хөгжсөн учир нисдэг тэргээр аврах ажиллагааг явуулахаас аргагүй байгаа аж. Гэвч нисдэг тэрэгний хүрэлцээ тун хангалтгүй байгаа юм.

Тус улсад өнгөрсөн жил хяналтаа эргүүлэн тогтоосон Талибан бүлэглэл олон улсын хэмжээнд тусгаарлагдсан байдалтайн дээр санхүүгийн хувьд маш сул байгаа нь энэхүү онцгой байдлын үед ихээхэн хүндрэлийг дагуулах төлөвтэй байна.

Газар хөдлөлтийн голомт болох Пактика мужид 255 хүн нас барж, 200 хүн шархдан хамгийн их хохирлыг амсаад байгаа ба Нангахар мужид ч мөн хохирол учирсан байна.

2002 онд Афганистаны зүүн хойд хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас 1000 гаруй хүн амь үрэгдэж байсан юм. Үүнээс дөрвөн жилийн өмнө нутгийн зүүн хэсэгт мөн л 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, 4500 хүн амиа алдаж байсан билээ.

Газар хөдлөлтийн төв нь нийслэл Кабул хотоос зүүн өмнө зүгт 200 км-ийн зайд байсан бөгөөд 350 км-ийн зайд орших Пакистаны нийслэл Исламабад хотод мөн чичиргээ мэдрэгджээ. Гималайн нурууны баруун хэсэгт орших Хиндукуш уулсын доорхи өмнөд Азийн нутагт газар хөдлөлт байнга тохиолддог юм.

Талибан бүлэглэл өнгөрсөн оны наймдугаар сарын 15-ны өдөр нийслэл Кабул хотыг эзлэн цаашлаад 38 сая хүн амтай Афганистаныг бүхэлд нь эзэлж, 20 жилийн дараа төрийн эрхийг эргүүлэн авсан билээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ