ОХУ Украинд түрэмгийлсэний улмаас дэлхийн улс орнууд шатахууны нөөцөө яаралтай базаах шаардлагатай байгаа энэ үетэй зэрэгцэн зуны аагим халуун эхэлж эрчим хүчний хэрэглээний оргил үе мөн давхцан Ази тивд нүүрсний үнэ урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн тухай Bloomberg суваг орон нутгийн цагаар 27-ны өдөр мэдээлэв.
IHS Markit зах зээлийн судалгааны фирмийн долоо хоног бүр гаргадаг Австралийн Ньюкасл порт дахь нүүрсний спот үнэ 24-ний өдөр 3.4%-иар өсч, нэг тонн нь 402.5 ам.долларт хүрсэн байна. Ази тивд нүүрсний үнийг тодорхойлох гол үзүүлэлт болдог уг үнэ түүхэндээ анх удаа 400 ам.долларын босгыг давсан нь энэ юм.
Нүүрс борлуулагч аж ахуй нэгжүүдийн хэлж буйгаар, ирэх сард Европ руу нийлүүлэх нүүрс өнгөрөгч 24-ний өдөр нэг тонн нь 421 ам.доллароор зарагдсан нь тус бүс нутагт дээд амжилт тогтоосон гэв.
Энэ хугацаанд БНСУ болон Япон улсууд зуны эрчим хүчний хэрэглээ оргилдоо хүрэхээс өмнө түлшээ нөөцөлж эхэлсэн бол Герман, Австри зэрэг улсууд ашиглалтаас гараад байсан нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа сэргээж эхэлжээ.
Нүүрсний үнэ ингэж өсөх нь эцсийн дүндээ хэрэглэгчдэд дарамт болж, шатахууны үнийн хөөрөгдөл үүсгэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна.
Ялангуяа Хятад улсын хувьд зуны улирлын эрчим хүчний оргил үе болохоос өмнө нүүрсний зах зээлээ тогтвортой байлгаж чадах эсэх сорилттой тулгарч байна гэж Bloomberg мэдээлэв.
Сүүлийн өдрүүдэд хэт халж буйтай холбоотойгоор эйр кондишны хэрэглээ ихсэх, Шанхай хотод цар тахлын хорио цээрийн журмыг хөнгөвчилснөөр аж үйлдвэрүүдийн үйл ажиллагаа ихээр сэргэж буй зэргээс үүдэн тус улсын хойд болон төв хэсгийн олон бүс нутагт цахилгаан эрчим хүчний хэрэглээ дээд хэмжээндээ хүрчээ.
Хятадын зүүн эргийн аж үйлдвэрийн төв болох Жянсу мужийг цахилгаан эрчим хүчээр хангадаг Fengkwang Coal Logistics компанийн зүгээс 17-ны өдөр мэдэгдэхдээ цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт 100 сая киловатт (кВт) давсан гэв. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 19 хоногийн өмнө уг хэмжээнд хүрсэн үзүүлэлт болжээ.
Тус улс өнгөрсөн намар цахилгаан эрчим хүчний хомсдолд нэрвэгдэн зарим үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүй нөхцөл байдалд орж байсан ба энэ байдал дахин давтагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд цахилгаан эрчим хүчний компаниудын ачааллыг нэмэгдүүлж байгаа аж.
Гэвч Хэнань цахилгаан эрчим хүчний корпорацаас хэлэхдээ, тус бүс нутагт зуны оргил үед цахилгаан эрчим хүчээр хэвийн хангах асуудал тун хүнд байгааг онцлоод энэ онд хамгийн их ачаалал 75 сая киловаттад хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.9 хувиар өсөх төлөвтэй байна хэмээв.
Хятадын цахилгаан эрчим хүчний аж ахуйн нэгжүүдийн нийгэмлэгийн ажилтан саяхан Хятадын төв (CC) телевизэд ярилцлага өгөх үеэрээ, өнгөрсөн жилийнх шиг их хэмжээний эрчим хүчний хомсдол дахин нүүрлэхгүй хэдий ч оргил ачааллын үед эрчим хүчний хангамж хязгаарлагдмал байж болзошгүйг анхааруулсан байна.
Эх сурвалж: Yonhap