Bosch компани хагас дамжуулагчийн салбарт 3 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ
2022, 7 сарын 16. 2:230

Германы Handelsblatt мэдээллийн агентлагийн орон нутгийн цагаар 15-ны өдөр мэдээлснээр дэлхийн хамгийн том автомашины сэлбэг үйлдвэрлэгч Bosch компани хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд 3 тэрбум еврогийн нэмэлт хөрөнгө оруулалт хийж, хагас дамжуулагчийн салбарт эргэлт буцалтгүйгээр орж буй тухай онцолсон байна.

Энэ оны эхээр албан тушаалдаа орсон Bosch компанийн гүйцэтгэх захирал Стефан Хартунг саяхан Дрезден хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр 2026 он гэхэд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд 3 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.

Үүний үр дүнд Bosch-ийн хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалт зөвхөн энэ онд л гэхэд 50 хувиар өсөх аж. Энэхүү хөрөнгө оруулалт нь Дрезден, Ройтлинген хотууд дахь Bosch-ийн хагас дамжуулагчийн гол баазуудад түшиглэн судалгаа, хөгжүүлэлтийн төвийг бүтээн байгуулахад зарцуулагдах гэнэ. Тус компанийн зүгээс өнгөрсөн намар хагас дамжуулагч үйлдвэрлэлийн байгууламжуудаа өргөтгөх ажлыг яаравчлана гэдгээ мэдэгдэж байсан билээ.

Гүйцэтгэх захирал Хартунг хэлэхдээ "Хэрэглэгчдийн хагас дамжуулагчийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор бэлдэх шаардлага тулгарч байна. Энэ өчүүхэн биетэд маш томоохон бизнес оршиж байна” хэмээв.

Тус компанийн энэхүү хөрөнгө оруулалт нь хагас дамжуулагч болон харилцаа холбооны салбарт чиглэсэн "Европын Холбоо Хамтын ашиг сонирхлын томоохон төсөл (IPCEI)"-ийн нэгд тооцогдож буй тул Европын холбооноос ч дэмжлэг авахаар болсон байна. Европын холбооны орнууд нь одоогоор дэлхийн хагас дамжуулагчийн зах зээлийн 10 хувийг хангадаг бөгөөд 2030 он гэхэд 20 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилгоор хагас дамжуулагчтай холбоотой хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг авч хэрэгжүүлж буй юм.

Тус компани нь өнгөрсөн онд Дрезден хотноо 1 тэрбум гаруй еврогийн өртөгтэй Европ тив дэх хамгийн орчин үеийн хагас дамжуулагчийн үйлдвэрийг нээснээс хойш жил орчмын дараа ийнхүү тус салбарт дахин томоохон хөрөнгө оруулалтыг хийх шийдвэр гаргасан нь энэ юм.

Bosch нь хагас дамжуулагчийн салбарт ийнхүү хөрөнгө оруулалт хийсээр байгаа нь дараагийн 10 жилийн дотор хагас дамжуулагч болон програм хангамжийн салбарт өрсөлдөхүйц компани болно гэдэгт итгэлтэй байгаагаа Handelsblatt агентлаг цохон тэмдэглэжээ.

Үүнээс гадна тус компани 2025 он гэхэд дижиталчлалд 10 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа аж. Өнгөрсөн жил л гэхэд Bosch компани 4000 орчим програм хангамж хөгжүүлэгчийг ажилд авсан ба одоогоор 38,000 програм хөгжүүлэгч тус компанид ажиллаж байна.

Автомашины эд анги, гэр ахуйн багаж хэрэгсэл, цахилгаан хэрэгслийг өндөр нарийвчлалтайгаар масс хэмжээгээр үйлдвэрлэх нь 136 жилийн түүхтэй тус компанийн нэрийн хуудас байсан ч өдгөө хагас дамжуулагч, программ хангамж, хиймэл оюун ухаан зэргийг алсын зорилгоо болгосон бололтой.

Гүйцэтгэх захирал Хартунг "Инновацийн манлайлал хагас дамжуулагчаас эхэлдэг" хэмээн мэдэгдээд электрон дугуйны эрчим хүчний нэгж болон радарын мэдрэгчүүдэд зориулан суулгагдсан системийн (Systems-on-Chips) хөгжүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэх болсноо жишээ болгон дурджээ.

Үүгээрээ тэд ирээдүйд тээврийн хэрэгслийн удирдлагад зориулсан хагас дамжуулагчийг зохион бүтээх боломжтой гэдгээ харуулахыг хичээж байна гэж Handelsblatt агентлаг онцлов. Одоогийн байдлаар Bosch хамгийн жижиг бичил схемд суулгасан хэт жижиг ухаалаг автомат илрүүлэх, хариу үйлдэл үзүүлэх төхөөрөмж үйлдвэрлэж байгаа юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23