Иран улс ОХУ-тай хамтран тагнуулын болон ажиглалтын зориулалттай хиймэл дагуулыг ирэх долоо хоногт хөөргөнө
8 сарын 5. 9:050

Иран улс ОХУ-тай хамтран тагнуулын болон ажиглалтын зориулалттай хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаагаа орон нутгийн цагаар 4-ний өдөр мэдэгдэв.

ОХУ-тай хамтран бүтээсэн “Хаяам” нэртэй хиймэл дагуулыг ирэх долоо хоногт Казахстаны Байконурын хөөргөх талбайгаас хөөргөхөөр төлөвлөж байгаа тухай Ираны сансар судлалын алба онцолжээ.

Уг хиймэл дагуулыг 12-р зууны үеийн Ираны гүн ухаантан, яруу найрагч Омар Хаяамын нэрээр нэрлэсэн ба хилийн бүсийн тагнах, усны ажиглалт хийх, байгалийн гамшгийг хянах зэрэг гол үүрэгтэй болохыг сансар судлалын агентлаг нэмж дурдсан байна.

ОХУ-ын сансар судлалын агентлаг мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ "наймдугаар сарын 9-ний өдөр Ираны захиалсан хиймэл дагуулыг "Союз-2.1Б" пуужинд тээвэрлэн тойрог замд илгээнэ" хэмээн мөн уг мэдээллийг баталжээ.

Иран улс хиймэл дагуул хөөргөх болсон тухай мэдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсад айлчилснаас хойш хоёр долоо хоногийн дараа ийнхүү олон нийтэд мэдэгдээд байна.

Орос улс “Хаяам” хиймэл дагуулыг хөөргөж байгаа ч Ираны сансар судлалын агентлаг уг хиймэл дагуулыг хянах болно гэж орон нутгийн хэвлэлүүд цохон тэмдэглэв.

Харин барууны орнуудын хувьд Иран тив алгасах баллистик пуужин бүтээх зорилготой учраас хиймэл дагуул хөөргөж байна хэмээн үзэж байгаа аж.

2019 онд буюу АНУ-д Дональд Трампын засаг захиргаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед Ираны Иргэний сансар судлалын агентлаг зэрэг хоёр ч агентлагт баллистик пуужин зохион бүтээсэн хэргээр хориг арга хэмжээ авч байсан билээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ