МҮЦАЭХ-ны УЗ-ийн гишүүн Ц.Хуяг: Компаниуд Биржийн Бус Зах Зээл дээр 950 тэрбум ₮ босгосон
8 сарын 5. 10:060

Хөрөнгө оруулалт бол зөв бизнест, хурдан хугацаанд хийгдэх ёстой. Энэ боломжийг нээгээд байгаа ОТС буюу биржийн бус зах зээл /ББЗЗ/-ийн гол оролцогч бол Монголын Үнэт Цаас Арилжаа Эрхлэгчдийн Холбоо юм. Тус холбооны УЗ-ийн гишүүн Ц.Хуягтай хоёр асуудал хөндлөө.

-Сүүлийн үед хөрөнгийн зах зээлд трэнд болоод байгаа OTC буюу Биржийн бус арилжааны зэх зээл гэж яг ямар онцлогтой, ямар зах зээлийг хэлээд байгаа талаар мэдээлэл өгөөч?

Хөрөнгийн зах зээл дотроо Exchange маркет болон OTC маркет гэж хоёр хэсэгт хувааж үзэж болно. Биржийн бус зах зээлийг олон улсын жишгээр үзвэл өөрийгөө зохицуулах статустай, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдын нэгдсэн холбоо голчлон зохион байгуулдаг юм. Биржийн бус зах зээл нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын ажиллах талбар гэж хэлж болно. Монгол Улсын хууль эрх зүйн хувьд Санхүүгийн Зохицуулах Хорооны 2020 оны 12-р сарын 26-ны 995-р тогтоолоор “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан. Тус журамд Мэргэжлийн холбоо нь биржийн бус зах зээлийг удирдан зохион байгуулна гэж заасны дагуу МҮЦАЭХ нарийвчилсан дүрэм журмыг гарган, биржийн бус зах зээлийг албан ёсоор 2021 оны 9-р сарын 7-нд амжилттай нээсэн.

-Хөрөнгө босгож буй тал буюу үнэт цаас гаргагчид биржийн бус зах зээлд хэрхэн хөрөнгө босгодог вэ?

Бизнес цаг минутаар хэмжигдэж байдаг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд зөвхөн олон нийтэд арилжаалагддаг биржийн зах зээл л байсан. Энэ зах нь олон нийтэд зориулагдаж байгаа гэдэг утгаараа шаардлага өндөр, бүрдүүлэх бичиг баримт их байдаг ба энэ утгаараа цаг хугацаа их шаарддаг сул талтай. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан зах зээл байхгүй байсан. Жишээ нь олон нийтэд үнэт цаас гаргах процесс 6-12 сар хүртэлх хугацаа шаарддаг байсан бол биржийн бус зах зээл дээр үнэт цаас нь мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт санал болгодог учир бүрдүүлэх бичиг баримт хөнгөвчлөгдөж, үнэт цаас гаргагчийн материал бэлэн болсон тохиолдолд биржийн бус зах зээлийн бүртгэлийн хороо нь ердөө ажлын 5-15 хоногт шийдвэр гаргана гэж заасан байдаг. Энэ нь бизнес эрхлэгчдэд маш хэрэгтэй, чухал зах зээлийг бий болгосон гэж харж байна.

-Тэгвэл хөрөнгө босгоход ямар шалгуур тавьдаг вэ?

ББЗЗ-д Үнэт цаас гаргагчдад хоёр үндсэн шалгуур байдаг:

Нэг: 1 жил үйл ажиллагаа явуулсан байх;

Хоёр: Өнгөрсөн 1 жил хугацаанд санхүүгийн тайланд аудит хийгдсэн байх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа.

Үүнийг хангасан байхад андеррайтер компанитай гэрээ байгуулж биржийн бус зах зээл дээр өрийн хэрэгсэл болон бусад үнэт цаасыг гаргах эрх нээлттэй болдог.

Хөрөнгө босгож буй талд өгч буй бас нэг давуу тал нь өртөг зардал маш бага нөгөө талдаа цагийг маш их хэмнэж байгаа. Жишээ нь бирж дээр 100 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаад арилжаална гэвэл шимтгэл нь яг татвар шиг хувиар авдаг. Гэвч Андеррэйтер компаниуд маань ингэж болохгүй гэдгийг мэддэг учир МҮЦАЭХ нь ББЗЗ-ийн бүртгэлийн хураамжийн дээд, доод хязгаар тавьж өгсөн юм. Үнэт цаас гаргагч 1 тэрбум төгрөг байна уу эсвэл 1 их наяд төгрөгийн үнэт цаас гаргаж байгаагаас үл хамааран доод хязгаар нь 2 сая, дээд хязгаар нь 11 сая төгрөгийг МҮЦАЭХ-нд л төлнө гэсэн үг юм.

- Уул уурхай, Хөрөнгийн зах зээлийн салбараас гадна Үл хөдлөх хөрөнгийн салбар маш их өсөлттэй гарагдаж байна. Үл хөдлөх хөрөнгийн салбар биржийн бус зах зээлд хэрхэн оролцож байгаа вэ?

Тоон мэдээлэл өгөхөд биржийн бус зах зээлд өнөөдрийн байдлаар нийт 56 үнэт цаас гаргагч байна. Тэр дунд төрийн оролцоотой байгууллага, хувийн, санхүүгийн, барилгын гэх мэт олон төрлийн компани байна. Энэ бол Биржийн бус зах зээл эрэлт өндөртэй байгааг илтгэж байна. Тэр дундаа барилга, үл хөдлөхийн салбарынхан маш түгээмэл байна. Барилга, үл хөдлөхийн салбарын хувьд их хэмжээний санхүүжилт шаардагддаг, өндөр дүнгээр мөнгөөр эргэлддэг учраас хөрөнгө оруулалт ихээр шаардлагатай байдаг.

Өнгөрсөн оны 9-р сарын 7-оос эхлээд 3 улирлын хугацаанд ойролцоогоор 1 их наяд төгрөгийн хаалттай өрийн хэрэгслийг бүртгэж авсан байгаа нь эрэлт маш их байгааг илтгэж байна. Эдгээрээс Анхдагч зах зээл дээр амжилттай арилжаалагдсан нь 550 тэрбум төгрөг, хоёрдогч зах зээлд 60 тэрбум гаруй төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Энэ нь хөрөнгийн зах зээлийг дараагийн шатанд аваачиж мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг ажиллах орчныг бүрдүүлж байна гэж харж байна.

-Хөрөнгө оруулахад маш олон эрсдэлтэй тулдаг. Биржийн бус зах зээл энэ эрсдэлийг хэрхэн шийдэж байгаа вэ?

Биржийн бус зах зээл бий болоод зах зээл дэх хаалттай хүрээнд гарч буй өрийн хэрэгслийн дундаж хүүгийн өгөөжийг нээлттэй мэдэх боломжоор хангасан. Өмнө нь бид зах зээл дээр хэн, хаана, ямар үнэт цаас гаргасан, хэн бүтэлгүйтсэн зэргийг мэдэх боломжгүй байсан. Биржийн бус зах зээл бий болсноор бүх зүйл бүртгэлтэй болж эхэлснээр хөрөнгө оруулагч нарт эрсдэлээ дүгнэж үзэх боломж олгож байгаа юм. ББЗЗ-д гарч буй үнэт цаас олон нийт буюу биржээр арилжаалагддаг үнэт цаастай харьцуулахад эрсдэл өндөр гэдгийг анхаарах ёстой. Энэ утгаараа ББЗЗ-д зөвхөн мэргэжлийн хөрөнгө оруулагчдын шаардлага хангасан хувь хүн болон хуулийн этгээд оролцох ёстойг анхаарах хэрэгтэй.

Биржийн бус зах зээл гараагүй байхад үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, Андеррайтер талтай гуравласан цаасан гэрээ хийдэг байсан. Биржийн бус зах зээл гарч ирснээр цаасан гэрээ хийх шаардлагагүй болж, бүх үнэт цаас үнэт цаас нь "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” дээр бүртгэгдэж ISIN дугаар буюу олон улсын үнэт цаасны дугаар авдаг. Ингэснээр дотоодын болон гаднын хөрөнгө оруулагчид хүртэл тухайн үнэт цаас үнэхээр бүртгэлтэй эсэхийг мэдэж болохоор болсон. Үүгээр ч зогсохгүй эдийн засагт дутагдаж байсан Гадаадын шууд хөрөнгө оруулалт татах орчныг бүрдүүлэх хөрсийг бий болгож байна гэж харж байна. Мөн хөрөнгө оруулагч нарт мөнгөө 1 жилийн хугацаатай хатуу гэрээтэй хадгаламжид хадгалах биш бонд авч хоёрдогч зах зээл дээр арилжаалж, богино хугацаанд сул чөлөөтэй мөнгөө эргэлдүүлэх боломжийг бизнес эрхлэгчдэд өгч байгаа юм.

-Хөрөнгө оруулагчид энэхүү зах зээлийн талаар хаанаас мэдээлэл авч, хэрхэн хамтарч ажиллах боломжтой талаар мэдээлэл өгөөч?

Бид өмнө нь стандартгүй байсан зүйлийг стандарттай болгож байгаагаараа онцлог юм. OTC гэдэг зах бий болсноор нэгдсэн дүрэмтэй, нэг стандарттай боллоо. Энэ нь олон талаас төрөл бүрийн мэдээлэл авах бус нэгдсэн нэг газраас шаардлагатай бүх мэдээллийг авах боломжийн олгож байгаа гэсэн үг юм. Хаалттай хүрээнд байхад нэг үнэт цаасны компанитай л тулж ажиллаж үнэт цаасны мэдээлэл авч байсан бол одоо Мэргэжлийн хөрөнгө оруулагчид Биржийн бус зах зээлээр дамжуулан 60 гаруй үнэт цааснаас сонгож өөрийн шалгуур, эрсдэл, аппетитад нийцүүлэн хөрөнгө оруулах боломжтой боллоо. МҮЦАЭХ-ны зүгээс 2022.08.18-ны өдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдах Монголын хөрөнгө оруулагчдын “Хөрөнгөтөн” хаалттай форум дээр хөрөнгө оруулагчид болон төслүүдэд хэрхэн Биржийн бус зах зээл дээр баталгаатай Хөрөнгө оруулалт хийх, нөгөө талдаа хурдан хөрөнгө оруулалт татах мэргэжлийн мэдээлэл өгөх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ