Австралийн үндэсний агаарын тээвэрлэгч Кантас компани ажиллах хүчний хомсдолоос үүдэн удирдах албан тушаалтнуудаа 3 сарын хугацаанд ачигчаар ажиллахыг хүсжээ.
Кантас авиакомпанийн удирдлагын зүгээс Сидней болон Мельбурн хотын нисэх буудлуудад ажиллах дор хаяж 100 сайн дурын ажилтныг хайж байгаа юм.
Ачигч нь зорчигчдын ачааг ачих, буулгах болон нисэх буудал дотор ачааг зориулалтын машинаар тээвэрлэн зөөвөрлөх ажлыг хийж гүйцэтгэх гэнэ.
Тэдний зүгээс менежер болон удирдах албан тушаалын ажилтнуудаасаа 7 хоногийн 3-5 өдөр, ээлжээр эсвэл 4-6 цаг ачигчаар ажиллахыг хүссэн байна. Харин тус ажлыг хийхээр зөвшөөрөгсөд нь 32 килограмм жинтэй ачааг өргөж дийлэх хүчтэй байх ёстой гэж заажээ.
Кантас авиакомпанийн хувьд цар тахлын үеэр бусад авиакомпанийн адил орон тооны цомхотгол хийсэн ч хил эргэн нээгдэхэд тэдгээр орон тоонд хүн авч чадаагүй өдийг хүрсэн юм.
Эх сурвалж: BBC