Британийн Guardian сонин: Ши Жиньпин дарга ирэх долоо хоногт Саудын Арабт айлчлахаар төлөвлөж байна
8 сарын 12. 5:100

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх долоо хоногт Саудын Арабт айлчлах төлөвтэй байна. Хэрэв энэхүү таамаг биеллээ олвол 2020 оны 1-р сард буюу цар тахал дэлхий даяар тархахын өмнөхөн Мьянмарт айлчилсанаас хойш хоёр жил долоон сарын дараа болж буй анхны албан ёсны гадаад айлчлал болох юм.

Их Британийн Guardian сонины орон нутгийн цагаар 11-ний өдөр мэдээлснээр Ши Жиньпин дарга ирэх долоо хоногт Саудын Арабт айлчлах гэж байгаа бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 2017 онд тус улсад хийсэн айлчлал шиг сүр жавхлантай хийгээд ихэд ач холбогдол өгсөн айлчлал болох төлөвтэй байна гэжээ. Хятад, Саудын Арабын харилцаа улам ойртсоор байгаа энэ үед АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены өнгөрөгч зургадугаар сард Саудын Арабт хийсэн хурцадмал уур амьсгал бүхий айлчлалаас энэхүү айлчлал эрс ялгаатай байх магадлалтай гэж тус сонин онцлон тэмдэглэсэн байна. Мөн өдөр зохион байгуулагдсан ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинээс энэ тухай тодруулахад "Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээн дурджээ.

Хэрэв айлчлал төлөвлөсний дагуу хэрэгжвэл АНУ Ойрхи Дорнод руу бэлчээсэн хараагаа хумихын зэрэгцээ Хятадыг хязгаарлахын тулд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт анхаарлаа улам ихээр хандуулах дүр зураг ажиглагдах бол стратегийн хоосон орон зай үүсээд буй Ойрхи Дорнодод Хятад улс нөлөөгөө тэлэх оролдлого улам ихсэх төлөвтэй байна.

Энэхүү айлчлал нь Хятадын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх ач холбогдолтой алхам байж магадгүй гэж Guardian мөн таамагласан байна. Саудын Араб өнгөрсөн он хүртэл Хятадын хамгийн том газрын тос импортлогч орон байсан билээ. Саудын Араб ч Ойрхи Дорнод дахь тогтворгүй нөхцөл байдлын дунд АНУ-г орлох шинэ хамтрагчаараа Хятадыг сонгох шаардлага өндөр байна хэмээн ажиглагчид үзэж байна. Сүүлийн үед хүний эрхийн асуудлаас болж АНУ-тай хурцадмал харилцаатай байгаа Ши Жиньпин дарга Саудын Арабтай дипломат харилцаагаа өргөтгөсөөр байгаа ба Шинжаан муж дахь мусульманчуудын цөөнх болох Уйгурууд болон Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтэд Хятадыг дэмжсэн байр суурьтай байгаагаа онцлон тэмдэглэсэн билээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ