Сүүлийн үед хэрэглэгчдийн тоо нь буурсаар буй АНУ-ын стриминг үйлчилгээ үзүүлэгч Netflix компанийн зүгээс өдийг хүртэл санал болгосоор ирсэн зар сурталчилгаагүй хавтгай тарифт үйлчилгээний нөхцлийн оронд хямд өртөгтэй шинэ нөхцлийг хэрэглэгчдэд санал болгохоор төлөвлөж байна. Энэхүү зар сурталчилгааг багтаасан хямд өртөг бүхий нөхцөл нь даруй 50 хувиар хямд байх төлөвтэй байгаа юм.
АНУ-ын мэдээллийн технологийн Cnet сайтын орон нутгийн цагаар 27-ны өдөр мэдээлснээр Netflix компани нь сарын 7-9 ам.долларын захиалгын төлбөртэй шинэ нөхцлийг хэрэглэгчдэд санал болгохоор төлөвлөж байна хэмээн онцлов. Энэхүү үйлчилгээний шинэ нөхцөл нь одоо санал болгож буй нөхцлийн (сард 15.49 доллар) тал үнэтэй дүйх боловч контент үзэхдээ нэг цаг тутамд 4 минутын зар сурталчилгаа үзэх шаардлагатай аж. Зар сурталчилгаа нь контент эхлэхээс өмнө болон дунд хэсэгт байрших ба хүүхдэд зориулсан контентуудыг хамруулахгүй байхаар төлөвлөж байгаа гэнэ. Кабелийн сувгуудын контент дахь зар сурталчилгааны хугацаа нэг цагт 10-20 минут байдаг ба үүнтэй харьцуулахад Netflix-ийн сурталчилгаа харьцангуй бага байгааг гадаадын хэвлэлүүд онцлов.
Ингэснээр Netflix компани үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш анх удаа контентын дундуур зар сурталчилгаа байршуулахаар болж буй нь энэ юм. Энэхүү шинэ нөхцлийг энэ оны дөрөвдүгээр улирлаас хамгийн багадаа зургаан бүс нутагт нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2023 оны эхээр дэлхий даяар нэвтрүүлж өргөжүүлэх бодолтой байгаа аж. Хэрэглэгчдийн сэтгэгдэлд анализ хийх зэрэг зар сурталчилгааны техникийн дэмжлэгийг Microsoft компани хариуцан ажиллана. Харин Netflix компанийн зүгээс энэхүү мэдээлэлд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Энэхүү шинэ шийдэл нь улам ширүүсч буй стриминг үйлчилгээний зах зээлд хэрэглэгч захиалагчдад сонголт олгох давуу талыг өгч байгаа бол нөгөө талд компанийн ашигт ажиллагааг сайжруулах арга хэмжээ болж байгаагаараа сайшаал хүртэх нь дамжиггүй. Дэлхий дахинд цар тахлын халдвар ид дэлгэрч байх үед нэлээд хэмжээгээр өссөн Netflix-ийн захиалагчдын тоо өнгөрсөн оны эхний улиралд 200,000, хоёрдугаар улиралд 970,000-аар буурчээ. Netflix-ийн өрсөлдөгч Уолт Дисней энэ сарын орлогын тайландаа Disney+, ESPN+, Hulu зэрэг стриминг платформуудын нийт хэрэглэгчдийн тоо 221.1 саяд хүрсэн гэж мэдэгдсэн нь Netflix-ийн захиалагчдын тооноос (220.7 сая) давсан үзүүлэлт болсон юм.
Өнгөрсөн жил Netflix компани 5 жилийн турш хэрэглэгчдэд санал болгосоор ирсэн 30 хоногийн үнэгүй туршилтын үйлчилгээгээ зогсоож, сарын төлбөрөө нэмсэн билээ. Өнгөрсөн сард гаргасан орлогын тайландаа тус компани ойрын хэдэн жилийн хугацаанд контентод зарцуулагдах хөрөнгийг жил бүр 17 тэрбум ам.долларт барих төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалж: Fnnews