Теsla Шанхай дахь үйлдвэрийнхээ өргөтгөлийн ажлыг дуусгаж жилд 1 сая автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ
2022, 9 сарын 21. 19:340

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Теsla компани Хятадын Шанхай хот дахь үйлдвэрийнхээ өргөтгөлийн ажлыг дуусгажээ. Ингэснээр тус үйлдвэр жилд 1 сая ширхэг автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байна.

Bloomberg сувгийн орон нутгийн цагаар 20-ны өдөр мэдээлснээр, тус компани 9 сарын турш үргэлжилсэн үйлдвэрийн өргөтгөлийн ажлаа дуусгаж, ирэх 11-р сарын эцсээр туршилтын ажиллагааг эхлүүлэх төлөвтэй байгаа аж.

Тус компани нь анх энэ оны 4-р сар гэхэд Шанхай дахь үйлдвэртээ 1.2 тэрбум юань хөрөнгө оруулалт бүхий үйлдвэрлэлийн шугамаа өргөтгөх ажлыг дуусган 4000 ажлын байр шинээр бий болгох төлөвлөгөөтэй байсан юм. Гэвч өнгөрөгч 4-р сараас цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор Шанхай хотод хатуу хөл хорио тогтоосны улмаас уг бүтээн байгуулалтын ажил өдийг хүртэл хойшилсон юм.

Ингэснээр Теsla компанийн уг үйлдвэрийн нэг өдрийн үйлдвэрлэлийн хүчин чадал өмнөхтэй харьцуулахад 30 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Өмнө нь “Model 3” загварыг долоо хоногт 11,000 нэгжийг үйлдвэрлэдэг байсан бол өдгөө 14,000 болон нэмэгдэж, “Model Y” загвар 2,200 нэгжээр нэмэгдэж 7,700 болох таамагтай байгаа гэв.

“Моdel 3” болон “Model Y” загварынхаа үйлдвэрлэлийн хүчин чадлыг ийнхүү өргөтгөснөөр Шанхай дахь үйлдвэр жилд 1 сая нэгж автомашин үйлдвэрлэх зорилт тавьсан байна. Энэ оны эхний хагаст Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компанид алдсан цахилгаан автомашины дэлхийд тэргүүлэгчийн байр сууриа эргүүлэн авахаар хичээж байна гэж салбарын шинжээчид үзжээ.

Теsla компанийн зүгээс гадны орон дахь анхны үйлдвэрлэлийн бааз болох Шанхай хот дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч байна. Өнгөрсөн онд тус үйлдвэр 484130 нэгж автомашин үйлдвэрлэсэн нь тус компанийн нийт үйлдвэрлэлийн 52 хувийг эзэлж байв. Мөн нийлүүлэлтийн сүлжээний үр ашгийг дээшлүүлжээ.

Tesla China компанийн дэд ерөнхийлөгч Грейс Тао хэлэхдээ, "Бид үйлдвэрлэлд шаардагддаг эд ангиудын 95 хувийг дотоодоос худалдаж авч байна. Томоохон ханган нийлүүлэгчид Tesla-гийн Шанхай дахь үйлдвэр байрладаг Хөх мөрний бэлчир орчимд төвлөрдөг нь үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлдэг” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49