Азийн хөгжлийн банк Хятадын ирэх жилийн эдийн засгийн төлөвийг танилцууллаа
9 сарын 22. 22:150

Азийн хөгжлийн банкны судалгаанд БНХАУ-ын эдийн засаг 2022 онд 3.3 хувиар, 2023 онд 4.5 хувиар өснө гэж дүгнэжээ. Хятадын өсөлт ийнхүү саарч буйд цар тахлын хөл хорио, өрхийн хэрэглээ буурсан нь голчлон нөлөөлж байна. Мөн хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буй нь Хятадад ирэх жил инфляцын түвшин нэмэгдэхэд хүргэнэ гэж тооцжээ.

Коронавирусын нөлөөгөөр хэрэглэгчийн итгэлийн индекс буурсан. Мөн хэдийн хямраад байгаа үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалт саарч байна. Гадаад худалдааны хувьд 2022 оны хоёрдугаар хагас жилд өсөхгүй. Үүнд нөлөөлж буй томоохон шалтгаан нь хөгжингүй орнуудад эрчим хүчний үнэ өсөхийн зэрэгцээ инфляц нэмэгдэж буй нь өргөн хэрэглээний барааны эрэлтийг сулруулсантай холбоотой байна. БНХАУ-ын инфляц 2022 онд дунджаар 2.3 хувь, 2023 онд 2.5 хувьтай байх төлөв ажиглагдаж байна. Үүнд гахайн махны ханшийн өсөлт илүүтэй нөлөөлнө.

Гэвч Хятадын засгийн газар өрхийн хэрэглээг нэмэгдүүлэх, үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжих, залуучуудын ажилгүйдэл өндөр байгаа асуудалд ихээхэн анхаарч буй тул цаашид дэд бүтцийн хөрөнгө оруулалт өсөх, засгийн газрын зардал нэмэгдэх шинжтэй байна. Тиймээс энэ жилийн хоёрдугаар хагаст эдийн засагт өсөлт нэмэгдэнэ.

Азийн хөгжлийн банкны БНХАУ-ын асуудал хариуцсан ажилтан Хао Жан “Хөл хорио эдийн засгийн үйл ажиллагааг тасалдуулсан тул өсөлт огцом саарсан. Гэвч энэ оны сүүлийн хагас жилд өрхийн хэрэглээ нэмэгдэхтэй зэрэгцэн үйлчилгээний салбар сэргэх тул эдийн засаг тэлнэ гэж тооцооллоо” хэмээн ярив.

Боломжит эрсдэлийн хувьд халдвар дахин дэгдэх, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үргэлжлэн саарах, санхүүгийн системд тэр дундаа жижиг банкнуудын хувьд эрсдэл өсөж буй бэрхшээлүүд байна. Түүнчлэн хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт таамаглаж байснаас бага түвшинд байгаа нь гадаад худалдааг цаашид улам сааруулж болзошгүй байгаа юм.


Эх сурвалж: Азийн хөгжлийн банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ