Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал: Зэсийн үнэ богино хугацаандаа буух төлөвтэй байна
9 сарын 22. 22:290

Дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани болох Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмын онцолж буйгаар зэсийн үнэ богино хугацаанд буусаар байх төлөвтэй байна гэж таамаглажээ. Энэ он гарсаар 20 гаруй хувиар унасан зэсийн үнэ цаашид ч буурч болзошгүй бололтой.

Тэрээр орон нутгийн цагаар 20-ны өдөр Bloomberg агентлагт өгсөн ярилцлагадаа, "Дэлхийн эдийн засгийн чиг хандлага тодорхойгүй байгаа ч нийлүүлэлтийн сүлжээний хямрал, инфляци зэрэг тодорхой асуудлууд байсаар байна" гээд богино хугацаанд зэсийн эрэлт буурах талаар дурджээ.

Зэсийг барилга, автомашин, гар утас зэрэг төрөл бүрийн үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашигладаг тул үнэ нь эдийн засгийн чиг хандлага, хэтийн төлвөөс хамаарах талтай байдаг аж.

Уг түүхий эдийн ханш энэ он гарсаар 20 гаруй хувиар унаад байгаа билээ. Энэ оны 3-р сард Лондонгийн металлын биржид (LME) 10845 ам.доллар болж бүх цаг үеийн дээд амжилт тогтоогоод байсан зэсийн фьючерсийн үнэ энэ сарын 20-ны өдөр 7758 ам.доллароор (12-р сарын гэрээгээр) хаагдсан байна.

Аж үйлдвэрлэлийн металлын хамгийн том хэрэглэгч Хятад улс цар тахал дахин тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд томоохон хотууддаа хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлсээр байгаа билээ. Түүнчлэн АНУ зэрэг дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч улс орнуудын инфляци сүүлийн 30-40 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрч байгаа нь зэсийн эрэлт мөн буурахад нөлөөлж байгаа аж.

Мөн ам.долларын ханш чангарч байгаа нь зэсийн бодит үнэ өсөхөд нөлөөлж байгаа гэв. Учир нь олон улсын зах зээлд түүхий эдийг ам.доллароор арилждаг тул уг валютын ханш чангарвал энэ салбарын тоглогчдод үзүүлэх үнийн дарамт нэмэгддэг билээ. Гэвч гүйцэтгэх захирал Стаусхолмын таамаглаж буйгаар зэсийн үнэ урт хугацаандаа өснө гэжээ. Тэрээр “Уг салбарын хамгийн гол хэрэглэгч болох Хятад улсын хувьд барууны орнуудтай харьцуулахад инфляцийн дарамт харьцангуй бага байна. Мөн ногоон эрчим хүч рүү шилжихэд зэс ихээр шаардагдана” хэмээн цохон тэмдэглэсэн байна. Зэсийг цахилгаан автомашины батарей болон нар, салхины эрчим хүч үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн эд ангиудад ашигладаг билээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ