JP Morgan: Apple компани 2025 он гэхэд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ 25 хувийг Энэтхэг рүү шилжүүлнэ
9 сарын 23. 0:170

Хятад болон АНУ хооронд үүссэн геополитикийн хурцадмал байдал хийгээд Хятад улс цар тахлын эсрэг хатуу бодлого хэрэгжүүлсээр байгаагийн улмаас Apple компани 2025 он гэхэд iPhone үйлдвэрлэлийнхээ 25 хувийг Энэтхэг рүү шилжүүлэх төлөвтэй байна.

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдээлснээр, Apple компани энэ оны сүүлчээс эхлэн шинээр худалдаанд гараад буй iPhone 14 загварын ухаалаг утасны нийт үйлдвэрлэлийн 5 хувийг Энэтхэгт үйлдвэрлэнэ гэж JP Morgan хөрөнгө оруулалтын банкны зүгээс таамаглал дэвшүүлжээ.

Тус мэдээнд дурдаснаар 2025 он гэхэд Apple компани MacBook, iPad, Apple Watch, Airpod зэрэг бүхий л бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ 25 хувийг Хятадаас бусад оронд үйлдвэрлэх болно хэмээн цохон тэмдэглэсэн байна. Одоогийн байдлаар тус компани нийт бүтээгдэхүүнийхээ ердөө 5 хувийг Хятадаас бусад орнуудад үйлдвэрлэдэг аж.

JP Morgan-ын судлаач Гоку Харихаран хэлэхдээ "Apple компанийн Тайвань дахь түншүүд болох Foxconn, Pegatron зэрэг компаниуд нь Энэтхэг улс руу үйлдвэрлэлийг шилжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн дунд болон урт хугацаандаа Энэтхэгийн дотоодын компаниудад ч боломж олгох тал дээр анхаарах болно” хэмээн дурджээ.

Энэтхэгийн дотоодын эрэлт хэрэгцээн дээр үндэслэн 2017 онд Apple компани нь Тайванийн түншүүд болох Wistron болон Foxconn-оор дамжуулан тус улсад үйлдвэрлэл явуулж эхэлснээс хойш Энэтхэгт бизнесээ өргөжүүлэх сонирхол нь улам бүр нэмэгдэх болсон юм.

Apple зэрэг томоохон компаниуд цар тахлын улмаас нүүрлэсэн нийлүүлэлтийн гинжин хэлхээний хямралаас болж ихээхэн хүндрэлийг даван туулж байгаа ч сүүлийн үед цар тахлын дэгдэлт намжихын хэрээр өмнө нь мөрдөгдөж асан хатуу зохицуулалт суларч компаниуд энэ мэт хөдөлгөөн хийх нь элбэгшээд байна.

Энэ сарын эхээр Bloomberg сувгийн мэдээлснээр Apple-ийн Хятад дахь үйлдвэрлэлийн саатлыг шийдвэрлэх төлөвлөгөөний нэг хэсэг болгон Энэтхэгийн хамгийн том компани Tata Group болон Wistron нар iPhone угсрах үйлдвэр байгуулахаар ярилцаж байгаа талаар онцолж байсан юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ