Өнгөрсөн 24 цагт Киев дроны дайралтад өртөн, Шинзо Абэгийн хэрэгт шашны байгууллагыг шалгаж эхлэв
2022, 10 сарын 17. 23:020

Өнгөрсөн 24 цагт дэлхий дахинд болж өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. ОХУ Украин руу долоо хоногийн дотор хоёр ч удаа хүчтэй дайралт хийв. Энэтхэгийн сөрөг хүчний даргаар Ганди-Неру удмын бус хүн сонгогдохоор болж, Өмнөд Солонгос цөмийн дайралтын үеийн хамгаалах сургуулилт хийж байна.

Орос, Украины дайн

Оросын тал Киев төдийгүй бусад олон хот руу дрон болон бусад тэслэгчээр өргөн хүрээний дайралт хийлээ. Оросууд дөнгөж долоо хоногийн өмнө далайгаас их хэмжээний хүчээр дайрсан тул долоо хоногийн дотор хоёр удаа их хэмжээний тэслэгчээр халдсан гэж үзнэ. Мөн тулааны талбарт Украины тал хүнд байдалд байна. Улмаар Европын холбооны гадаад хэргийн сайд нар хуралдан ирэх сард Украины 15,000 цэргийг сургах, зэвсэг нийлүүлэхэд санхүүжилт болгон 500 сая евро батлах талаар ярилцаж буй бөгөөд тэд тусламж олгох тохиролцоонд хүрэх магадлал маш өндөр юм.

ОХУ-д зэвсэг нийлүүлсэн хэрэгт Тегеран сэжиглэгдэж байна. Учир нь Киев рүү дайрсан камиказэ дронууд Иранаас гаралтай Shahed-136 хэмээх дрон мөн хэмээн үзсэн. Хэрэв Иран улс ОХУ-д зэвсэг нийлүүлсэн нь батлагдвал Европын холбоо Ираны эсрэг хүчтэй хориг арга хэмжээ авна хэмээн мэдэгдлээ. Эдгээр үйл явдлаас гадна барууны хориг арга хэмжээний улмаас газрын тос тээвэрлэгч орос хөлгүүд даатгалд хамрагдаж чадаагүй тул “Сахалин-1” төслийн газрын тосны гарцын хэмжээ эрс багасаж байна.

Дэлхий

Ерөнхий сайд агсан Шинзо Абэ өнгөрсөн долоодугаар сард бусдын гарт амь насаа алдсан хэрэгт “Эв нэгдлийн сүм” холбоотой болохыг тогтоолоо. Тус сүм нь эрх баригч намын олон хууль тогтоогчтой шууд харилцаатай учир олны анхаарлыг маш их татаж байгаа юм. Улмаар Японы Ерөнхий сайд Фумио Кишида тус сүмийг мөрдөн байцаах тушаал гаргав.

Энэтхэгийн сөрөг хүчин болох Конгресс нам өнөөдөр даргаа сонгоно. Тус намын даргаар сүүлийн 25 жилд анх удаа Ганди-Неру удмын бус хүн сонгогдох гэж байна.

NATO цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх зорилготой хоёр долоо хоногийн сургуулилалтаа өнөөдөр эхлүүллээ. Тус сургалтыг жил тутам зохион байгуулдаг юм.

Өмнөд Солонгос жил бүр зохион байгуулдаг Хогук хэмээх зэвсэгт хүчний хамгаалалтын сургуулилтыг эхлүүллээ. Тус сургуулилт нь цөмийн болон пуужингийн дайралтын эсрэг хариу арга хэмжээ авах чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Бразилын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны эхний мэтгэлцээн боллоо. Тус мэтгэлцээнд баруун жигүүрээс Ерөнхийлөгч Жаир Болсонаро болон зүүний үзэлт Ерөнхийлөгч асан Луис Инасио Лула да Силва нар оролцов. Тэд өөрсдийн албан тушаалын алдаануудын түүхийг сөхөн ширүүн маргалаа. Сонгуулийн хоёр дахь шат аравдугаар сарын 30 өдөр болно.

Өнгөрсөн амралтын өдөр Тегераны Эвин шоронд гал гарсны улмаас найман хоригдол нас баржээ. Курд эмэгтэй Махса Аминигийн үхлээс үүдэлтэй эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилсээр байна.

Нигерийн үерийн улмаас 1.3 сая хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд есдүгээр сараас хойш 600 гаруй хүн нас баржээ.


Эх сурвалж: Reuters, BBC сувгийн 16-17 өдрийн мэдээнүүд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00