Томоохон компаниуд Хятадаас хараат байдлаа бууруулан, нийлүүлэлтийн сүлжээний бүтцээ өөрчлөх тал дээр анхаарч байна
2022, 10 сарын 19. 13:360

Японы автомашин үйлдвэрлэгч Honda компани Хятадад үйлдвэрлэсэн эд ангиудын ашиглалтыг аль болох багасгахын тулд нийлүүлэлтийн сүлжээний бүтцээ өөрчлөх талаар ажиллаж байгаа аж. Найрсаг харилцаатай орнуудын тэргүүн эгнээнд багтдаг АНУ-ын зүгээс Хятадын импортод хязгаарлалт тогтоож буйтай холбоотойгоор Япон улс ч цаашид бүхий л салбарууд дахь Хятадаас хараат байдлыг бууруулахаар төлөвлөж буй бололтой. Мөн Apple компани ч шинэ загварын iPhone ухаалаг утасныхаа үйлдвэрлэлийг Энэтхэг рүү шилжүүлэхийн сацуу Хятадад үйлдвэрлэсэн хагас дамжуулагч ашиглахгүй байхаар шийджээ.

Nihon Keizai (Nikkei) Shimbun сонины 18-ны өдөр мэдээлснээр, өнгөрөсөн зун Honda компани Хятадад үйлдвэрлэсэн эд анги ашиглахгүйгээр автомашин, мотоцикль бүтээх боломжтой эсэхийг шалгах маш нууц төслийг эхлүүлсэн болохыг онцлон тэмдэглэв.

Гэвч одоогийн байдлаар тус компанийн Хятад дахь борлуулалт 30 хувиас даваад байгаа тул Хятадыг яаравчлан орхихгүй ч онцгой байдлын үед түргэвчилсэн арга хэмжээ авах хувилбарыг харгалзан үзэж буй нь энэ аж. Одоогоор тус компани нь ажиллах хүч хямд байдаг бусад улс орнууд, тухайлбал Зүүн өмнөд Ази дахь худалдан авалтын зардлыг тооцоолж байгаа бөгөөд "Бид нийлүүлэлтийн сүлжээг хэрхэн солонгоруулах талаар олон хувилбарт судалгааг хийсээр байна” гэжээ.

Цаашид ч Хятад улсаас хараат байдлаа бууруулах хөдөлгөөн Японы аж үйлдвэрийн салбарт нэмэгдэх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч аж ахуй нэгжүүдийн Хятадаас хараат байдал хэт өндөр байгаа тул хугацаа болон хурдыг тохируулах шаардлагатай хэмээн тооцоолж байгаа юм.

Японы нийт импортын 26 хувийг Хятад эзэлдэг. Васеда их сургуулийн профессор Ясуюки Тодо болон бусад судлаачдын хийсэн суперкомпьютерийн тооцооллын үр дүнд хэрэв Хятадаас авах сэлбэг хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнийг 2 сарын хугацаанд 80 хувь (ойролцоогоор 1.4 их наяд иен) хүртэл бууруулсан тохиолдолд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, автомашин, хувцас, хоол хүнс гэх мэт бүхий л салбарын аж үйлдвэрлэл зогсонги байдалд орж ойролцоогоор 53 их наяд иенийн хохирол учирна хэмээн тооцоолсон байна. Энэ нь тус улсын жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 10 хувьтай тэнцэж байгаа юм.

Түүнчлэн гол нэрийн 80 төрлийн бараа бүтээгдэхүүнийг Хятадаас импортлохыг зогсоож, дотооддоо үйлдвэрлэх юм уу өөр бүс нутгуудаас худалдан авах тохиолдолд жилд дунджаар 13.7 их наяд иенийн нэмэлт зардал гарч тэр хэрээрээ бүтээгдэхүүний үнэ өсөх төлөвтэй байна. Тодруулбал компютерийн дундаж үнэ 50 хувиар нэмэгдэж, 180,000 иен болох бол ухаалаг утас ч мөн 90,000 иен болон 20 хувиар үнэ нь өсөх зураглал ажиглагдаж байгаа юм.

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, инновац, загвар гаргах ажлаа АНУ-д хийж, үйлдвэрлэлээ Хятадад явуулдаг тус 2 улсыг дамнасан хөдөлмөрийн хуваарийн ачаар асар хурдацтай хөгжиж буй Apple компани ч мөн Хятадаас хараат байдлаа бууруулах арга замыг эрэлхийлсээр байна.

Apple компанийн хувьд iPhone ухаалаг утасны үйлдвэрлэлээ бараг 100 хувь Хятадад үйлдвэрлэж байсан ч саяхан худалдаанд гарсан iPhone 14-ийг Энэтхэгт үйлдвэрлэж эхлээд байгаа билээ. 2020 онд Apple компани бүтээгдэхүүнийхээ ердөө нэг хувийг Энэтхэгт үйлдвэрлэдэг байсан бол энэ онд 7 хувь хүртэл өсгөхөөр төлөвлөжээ. Түүнчлэн Apple компанийн зүгээс Хятадын санах ойн хагас дамжуулагч үйлдвэрлэгч YMTC-ийн үйлдвэрлэсэн NAND чипийг iPhone-д ашиглах төлөвлөгөөгөө түр зогсоогоод байна.

"Энэ мэтчилэн томоохон компаниуд ердийн үед Хятад дахь бизнесээ өргөжүүлсэн хэвээр байх хэдий ч онцгой байдлын үед Хятадаас хамааралгүй нийлүүлэлтийн сүлжээг бий болгохоор хичээсээр байна" гэж Nikkei дүгнэжээ.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49