Европын холбоо: АНУ-ын “Инфляцыг бууруулах тухай хууль”-ийн татаасын бодлого ОУ-ын худалдааны дүрмийг зөрчиж байна
2022, 11 сарын 8. 15:280

Өнгөрсөн хугацаанд Трампын засаг захиргаатай худалдааны дайн хийж байсан Европын холбоо Жо Байдены засаг захиргааны "Инфляцыг бууруулах тухай хууль"-ийг албан ёсоор эсэргүүцэж, "ноцтой санаа зовниж буйгаа" илэрхийлэв. Европын холбооны зүгээс Байдены засаг захиргааг олон улсын худалдааны дэг журмыг дангаар зөрчсөн гэж буруутгаж байгаа юм.

Орон нутгийн цагаар 7-ны өдөр АНУ-ын эдийн засгийн мэдээллийн CNBC сувгийн мэдээлснээр, Европын холбоо Байдены засаг захиргаанд хүргүүлэх албан ёсны дүгнэлтийг урьдчилсан байдлаар гаргаад байгааг онцлон тэмдэглэсэн байна. Европын холбооны уг баримт бичигт дурдсанаар Байдены засаг захиргаагы ногоон шилжилтийн бодлогыг ойлгож байгаа боловч “”Инфляцыг бууруулах тухай хууль"-д заасан санхүүгийн үр өгөөжийн талаар санаа зовниж байна" гэжээ.

Албан тушаалаа авахаасаа өмнө АНУ-ын аж үйлдвэрийг сэргээж, бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхийг уриалж байсан ерөнхийлөгч Жо Байден өнгөрөгч 8-р сард "Инфляцыг бууруулах тухай хууль"-ийн төслийг санаачлан удалгүй Конгрессоос баталсан юм. Уг хуулийн төсөлд цахилгаан автомашин, байгальд ээлтэй үйлдвэрлэлтэй холбоотой Америкийн компаниуд болон тус улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдэд татварын төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан билээ. Хамгийн их маргаантай салбар бол цахилгаан тээврийн хэрэгсэл болоод байгаа юм. "Инфляцыг бууруулах тухай хууль"-д зааснаар Байдены засгийн газар энэ жилээс эхлэн цахилгаан автомашин худалдан авагчдад 7,500 ам.долларын татаас олгох боловч зөвхөн Хойд Америкт эцсийн байдлаар угсарсан цахилгаан автомашинд л олгохоор тусгасан ба харин ирэх жилээс цахилгаан автомашины батарейны эд анги болон гол ашигт малтмалыг зөвхөн АНУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автомашин худалдан авсан тохиолдолд л татаас авах боломжтой болох юм. Энэхүү шийдвэрийн улмаас Өмнөд Солонгос, Япон, Европын холбоо зэрэг АНУ руу автомашин экспортолдог томоохон орнууд ар араасаа эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

Трампын засаг захиргааны үед ч Европын холбоо нь нисэх онгоц үйлдвэрлэгчдэд татаас олгох болон мэдээллийн технологийн компаниудаас дижитал татвар хураах зэргээс үүдэн АНУ-тай худалдааны дайн эхлүүлж байсан удаатай. Тухайн үед Трампын баримталж асан “Нэгдүгээрт Америк” бодлогоос ялгаатай нь Байдены засаг захиргаа холбоотнуудаа “харж үзэх” болно хэмээн мэдэгдэж байсан ч хамгийн наад зах нь худалдаа, эдийн засгийн хувьд Трампын шугамаас нэг их хол зөрсөнгүй.

Европын холбооны баримт бичигт "Инфляцыг бууруулах тухай хууль" нь "худалдааны бүх түншүүддээ эдийн засгийн хохирол учруулж, зах зээлийг гажуудуулж, дэлхийн татаасын дайныг өдөөх эрсдэл үүсгэж байна. Түүнчлэн энэхүү хуулийн төсөл нь олон улсын хурцадмал байдлыг өдөөж, харилцан хариу арга хэмжээ авах эрсдэлд хүргэж болзошгүй" хэмээн цохон тэмдэглэсэн байна. Нэмж дурдахад, "Инфляцыг бууруулах тухай хууль"-д багтсан татварын дэмжлэгийн есөн нөхцөл нь ялгаварлан гадуурхах шинж чанартай бөгөөд олон улсын худалдааны дүрэм журамд харш байгааг мөн онцолжээ. "АНУ-ын тал Европын холбооны компаниудтай ч өөрсдийн компаниудын адил тэгш харьцах ёстой" гэж худалдааны салбарт үүссэн асуудлыг дурдав.

Европын холбооны Худалдааны комиссар Валдис Домбровскис CNBC сувагт ярилцлага өгөхдөө “Бид АНУ-тай энэ асуудлыг хэлэлцэх ажлын хэсэг байгуулсан бөгөөд одоогоор шийдэлд хүрэхээр ажиллаж байна. Аз болоход АНУ-ын тал Европын холбооны асуудлыг шийдвэрлэхэд бэлэн байна” гэдгээ илэрхийлсэн гэжээ.

Үүний зэрэгцээ, Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Нгожи Оконзо Ивеала 7-ны өдөр хийсэн илтгэлдээ уг асуудлыг дурьдаж, "Зарим улс орнууд зөвхөн өөрсдийн цахилгаан автомашины үйлдвэрлэлд татаас олгох зэрэг журмыг хуулиар зохицуулж байна” гээд энэ мэт зохицуулалтаас зайлсхийх шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53