Ням гарагт Словени улсад ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдаж, сонгуулийн эцсийн дүнгээр тус улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд өнгөрөгч аравдугаар сарын 23-ы өдөр зохион байгуулагдсан боловч тус сонгуулиар нэг ч нэр дэвшигч олонхын санал авч чадаагүй тул хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийг ням гарагт дахин өрсөлдүүлсэн байна. Улмаар бие даан нэр дэвшигч, сэтгүүлч, хуульч Натаса Пирк Мусар 54 хувийн саналаар Словени улсын шинэ ерөнхийлөгч болжээ.
Словени улсын Сонгуулийн хорооноос мэдэгдсэнээр ирц нийт 49.9 хувьтай байсан гэсэн юм.
Тийнхүү сонгуульд ялалт байгуулсан шинэхэн ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, “Словени улс Европын холбоо хийгээд тэдний үндэслэсэн ардчиллын үнэт зүйлд итгэдэг ерөнхийлөгчийг сонголоо” хэмээжээ.
Словени улсын хувьд ерөнхийлөгч нь бэлгэ тэмдэг төдий боловч ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд улсынхаа зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг томилж, төв банкны ерөнхийлөгч зэрэг хэд хэдэн өндөр албан тушаалтныг томилох юм.
Ташрамд дурдахад, Натаса Пирк Мусар нь урьд Доналд Трампын засаглалын үед хатагтай Трампын хуульчаар ажиллаж байжээ.
Эх сурвалж: BBC