АНУ-ын “Инфляцыг бууруулах тухай хууль”-аас болж Европын компаниуд АНУ руу “хошуурах” болжээ
2022, 11 сарын 22. 8:490

Европын компаниуд үйлдвэрлэлийн баазаа АНУ руу тэлж эхэлжээ. Учир нь АНУ-д хөрөнгө оруулсан тохиолдолд эдийн засгийн төрөл бүрийн дэмжлэг үзүүлэхээр тусгасан “Инфляцыг бууруулах тухай хууль (IRA)” нь эдгээр компаниудыг АНУ руу “хошуурахад” түлхэц болж байна гэж шинжээчид үзэж буй юм.

Financial Times болон Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 20-ны өдөр мэдээлснээр, Northvolt, Iberdrola зэрэг Европын олон компани “Инфляцыг бууруулах тухай хууль”-д тусгасан эдийн засгийн үр өгөөжийг хүртэхийн тулд үйлдвэрлэлийн баазаа Америк руу шилжүүлж байгаа тухай онцолсон байна.

Энэхүү хууль нь өнгөрөгч 8-р сард АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд зөвхөн Хойд Америкт угсарсан цахилгаан автомашинд 7500 ам.доллар хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан юм.

Европдоо цахилгаан автомашины батарей үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Шведийн Northvolt компани л гэхэд уг хуулиас болж үйлдвэрээ Германд байгуулах төлөвлөгөөгөө эргэн харах шийдвэр гаргасан байна. Учир нь Украинд өрнөж буй дайн Германд эрчим хүчний үнэ огцом өсөхөд хүргэсэн билээ. Харин АНУ дараагийн хамгийн боломжит хувилбар болоод байгаа аж. Northvolt компанийн зүгээс мэдээлснээр Германы засгийн газар тус компанийн үйлдвэр барих ажилд 155 сая еврогийн татаас олгох бол АНУ-аас 800 сая ам.долларын дэмжлэг авах тооцоо гаргажээ. Northvolt компанийн гүйцэтгэх захирал Питер Карлсон “АНУ-д “Инфляцыг бууруулах тухай хууль” хэрэгжиж эхэлсэн нь олон олон компаниудыг Европоос АНУ руу үйлдвэрлэлийн баазаа шилжүүлэхэд хүргэж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Италийн эрчим хүчний тэргүүлэгч группуудын нэг Enel SpA ч мөн өнгөрөгч 17-ны өдөр АНУ-д нэг тэрбум ам.долларын өртөгтэй нарны зайны үйлдвэр байгуулна гэж мэдэгдсэн юм. “Инфляцыг бууруулах тухай хууль”-д тусгаснаар АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж буй компаниуд 60 орчим тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт, урамшуулал авах боломжтой гэнэ.

Нөгөө талаас Европын удирдагчид томоохон аж ахуй нэгж, компаниуд тус бүс нутгийг орхиж буйд болгоомжлох хандлага нэмэгдэх болов. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон саяхан Европын компаниуд АНУ руу “дүрвэж” буйтай холбогдуулан Европын орнуудыг "сэрэхийг" уриалсан байна. Европын парламентын худалдааны хорооноос "АНУ Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчсөн" гэж мэдэгдээд, тохиролцоонд хүрч чадахгүй бол Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргаж, гаалийн татвар ногдуулах зэргээр хариу арга хэмжээ авах боломжтой хэмээн онцолжээ.

Хэдий байдал ийм байгаа ч бодит байдал дээр АНУ, Европын хооронд худалдааны “дайн” үүсэх магадлал тийм ч өндөр хувьтай биш хэмээн шинжээчид үзэж буй юм. Учир нь АНУ болон Европ Хятадыг дарахын тулд хүчээ нэгтгэх ёстой билээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04