“Инфляцыг бууруулах тухай хууль”-тай холбоотой АНУ, Европын хэлэлцээр нааштай үр дүнд хүрэхгүй бол Европ хариу арга хэмжээ авна
11 сарын 23. 12:280

Франц болон Герман улсуудын зүгээс цахилгаан автомашины татаастай холбоотой маргаан дэгдээгээд буй АНУ-ын “Инфляцыг бууруулах тухай хууль”-ийн хэлэлцээр үр дүнд хүрэхгүй бол Европын аж үйлдвэрлэлийн салбарыг хамгаалах арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Францын Санхүү, эдийн засгийн сайд Брюно Ле Мэр, Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек нар орон нутгийн цагаар 22-ны өдөр Францын нийслэл Парис хотноо орших Санхүү, эдийн засгийн яамны байранд хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна.

Сайд Ле Мэр "Европ юун түрүүнд бүс нутгийнхаа эрх ашгийг хамгаалах ёстой" хэмээн онцлон тэмдэглээд, Европын холбооны түвшинд "Европын бүтээгдэхүүний худалдан авалтыг дэмжих хууль" бий болгосноор хариу арга хэмжээ авч чадна гэв.

Маргаан үүсгээд буй “Инфляцыг бууруулах тухай хууль”-д заасан заалтуудыг өөрчлөх юм уу байхгүй болгох нь бараг л бүтэшгүй зүйл хэмээн Франц улсын зүгээс үзэж байгаа бөгөөд Европын аж үйлдвэрийг сэргээх төлөвлөгөөг цаг алдалгүй хийх хэрэгтэй гэжээ.

Сайд Хабек ч мөн хэрэв ирэх сард Вашингтонд хэлэлцээр хийхээр очих Европын холбооны ажлын хэсэг ямар нэгэн нааштай тохиролцоонд хүрэлгүй буцаж ирсэн тохиолдолд Европын аж үйлдвэрлэлийг бэхжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн цохон тэмдэглэв.

Тодруулбал ирэх сарын 5-ны өдөр Вашингтон хотноо АНУ болон Европын холбооны Худалдаа, технологийн 3-р зөвлөлдөх хурал зохион байгуулагдах ба энэ үеэр хоёр талын төлөөлөгчид уулзаж, “Инфляцыг бууруулах тухай хууль”-тай холбоотой асуудлыг эрчимтэй хэлэлцэх төлөвтэй байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ