Билл Гейтс бүх цаг үеийн шилдэг бүтээл гэж боддог таван номоо нэрлэв
11 сарын 23. 16:210

Microsoft-ийн хамтран үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс жил бүр уншсан номнуудаасаа шилдэг гэж үзсэн бүтээлээ эрэмбэлэн танилцуулдаг. Энэ удаа тэрбээр өөрийнх нь хувьд бүх цаг үеийн шилдэгт багтах таван номыг нэрлэсэн юм. “Би эдгээр номыг ойр тойрны хүмүүстээ байнга санал болгодог” хэмээн тэрбээр өгүүллээ.

Stranger in a Strange Land, Роберт Хайнлейн

Гейтс, Microsoft-ийг хамтран үүсгэн байгуулсан түүний хамтрагч агсан Пол Аллен хоёул зохиолч Хайнлейны бүтээлд хүүхэд байхын дуртай байжээ. 1961 он хэвлэгдсэн тус ном нь шинжлэх ухааны зөгнөлт, сонгодог бүтээл юм. Гол дүр Валентин Ангараг руу аялж, дэлхийн гуравдугаар дайны дараа чөлөөт хайрын коммун байгуулж буй тухай өгүүлдэг боловч мөн энх тайвныг дэмжсэн шинж болон хиппи өнгө аясыг хиппи соёл үүсэхээс өмнө шингээсэн бүтээл ажээ.

Surrender, Боно

Ирландын U2 рок хамтлагийн гоцлол дуучин Боногийн дуртгал ном худалдаанд гараад нэг сар ч өнгөрөөгүй хэдий ч Гейтсийн хамгийн дуртай номын жагсаалтад орж амжжээ. Уншигч дуучин Боног мэдэхгүй, шүтдэггүй байж болно. Тэр тохиолдолд “Хотын захад амьдардаг эгэл хүү дэлхийд алдартай рок од, сайн үйлсийн эзэн болох замналд тохиолдох, элэг хөшөөм олон зүйл унших болно” хэмээн Гейтс хэлсэн юм.

Team of Rivals, Дорис Кирнс Гүүдвин

Анх 2005 онд уншигчдын гарт хүрч, Пулицерийн шагнал хүртсэн тус бүтээлд Абрахам Линкольн Ерөнхийлөгч болсон түүхийг өгүүлнэ. Мөн тус номоос сэдэвчилж Lincoln уран сайхны кино бүтээсэн нь Academy Award шагнал авсан юм. Зохиолч Гүүдвин бол Ерөнхийлөгчдийн намтар түүхээр мэргэшсэн, түүхч мэргэжилтэй хүн. “Манай улс хүчирхийлэл, бослого, арьсны өнгөний талаарх хүнд асуудлууд, үзэл суртлын гүнзгий хуваагдалтай дахин нүүр тулж буй өнөө үед энэ ном улам өндөр ач холбогдолтой” хэмээн Гейтс хэллээ.

The Inner Game of Tennis, Роберт Галлвей

Гейтс ном унших замаар хувь хүн талаас өөрийгөө хөгжүүлдэг гэдгээ нуудаггүй. Тус ном теннис сонирхогчдын хувьд заавал унших бүтээл мөн боловч теннис мэддэггүй хүн ч их юм ойлгож болох бүтээл гэж тэрбээр үзжээ. Тухайлбал, бие махбод оюун санаанд хэрхэн нөлөөлдөг тухай, өөрөө өөртэйгөө тоглодог “дотоод тоглоом” гэж юу болох тухай уншихыг зөвлөлөө.

Mendeleyev's Dream, Пол Стратерн

Өнгөц харахад энэ ном үелэх систем хэрхэн үүссэн тухай өгүүлдэг. Гэвч “Олон мянган жилийн туршид шинжлэх ухаан ба хүний сониуч зан хоёр хэрхэн зэрэгцэн хөгжсөөр буйг илэрхийлсэн гайхалтай дүрслэл бүтээл” хэмээн Гейтс бичжээ.


Эх сурвалж: Entrepreneur

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ