Их Британийн араас Герман улс ч эрчим хүчний компаниудад гэнэтийн ашгийн татвар ногдуулахаар төлөвлөж байна
11 сарын 24. 22:190

Германы засгийн газар Их Британийн нэгэн адил эрчим хүчний компаниудын ашгийн 33 хувийг гэнэтийн ашгийн татвар хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Учир нь ОХУ Украинд халдан довтолсны улмаас олон улсын зах зээлд эрчим хүчний үнэ тэнгэрт хадаж байгаа энэ үед эдгээр компаниуд ч асар их ашиг олж байгаа нь тодорхой байгаа билээ.

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 23-ны мэдээлснээр, Германы засгийн газар энэ оны эцэс гэхэд гэнэтийн ашгийн татварын тогтолцоог хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа талаар онцолжээ. Тодруулбал 2018-2021 оны хооронд дундаж ашгийнхаа 20 гаруй хувийг олсон газрын тос, нүүрс, байгалийн хий, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг эрчим хүчний компаниуд үүнд хамаарах аж. Тус улсын засгийн газрын зүгээс эдгээр компаниудын ашгийн 33 хувийг гэнэтийн ашгийн татвар хэлбэрээр улсын төсөвт татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл уг шийдвэрээр дамжуулан 1-3 тэрбум еврогийн татварын орлогыг бүрдүүлэх боломжтой болно хэмээн тооцоолж байгаа аж.

Тус улсын Сангийн сайд Кристиан Линдер “Үүнтэй холбоотойгоор ХБНГУ-ын татварын хуулийн хэрэгжилтэд бага зэрэг зөрчилдөх зүйл гарах ч Үндсэн хуульд харшлахгүй хариуцлагатай хуулийн төслийг парламентад санал оруулах болно” гэж мэдэгдэв.

Түүнчлэн Их Британи улс саяхан эрчим хүчний компаниудад гэнэтийн ашгийн татвар ногдуулахаар болоод байгаа билээ. Тус улсын Сангийн сайд Жереми Хант өнгөрөгч 17-ны өдөр парламентын танхимаас эрчим хүчний компаниудад 2028 оны гуравдугаар сар хүртэл гэнэтийн ашгийн түр татвар ногдуулах шийдвэрт хүрснийг танилцуулсан юм. Ирэх жилээс эхлэн эрчим хүч үйлдвэрлэгч компаниудын ашгийн 45 хувьд татвар ногдуулах бол цахилгаан, хийн компаниудын ашгийн 25-35 хувь хүртэл татварыг нэмэгдүүлэх аж. Ингэснээр ирэх онд гэнэтийн ашгийн татварын орлого 14 тэрбум фунт стерлинг болох төлөвтэй байгаа юм.

Гэсэн хэдий ч том жижиг гэлтгүй бүхий л компаниудад яг ижил хэмжээтэй гэнэтийн ашгийн татвар ногдуулах болсныг буруушаах зарим шинжээчид ч байгаа юм. Тэрчлэн шатахууны үнийг дагаад аж ахуйн нэгжүүдийн зардал ч өссөн байхад төр засаг гэнэтийн ашгийн татвар авч буй нь тун шударга бус хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ