АНУ Украинд 1.85 тэрбум ам.долларын нэмэлт тусламж үзүүлж байгаагийн дотор “Patriot” пуужингийн систем багтжээ
2022, 12 сарын 22. 3:350

АНУ-ын засгийн газар орон нутгийн цагаар 21-ний өдөр ОХУ-ын түрэмгийлэлд одоог хэр нь өртсөөр буй Украин улсад 1.85 тэрбум ам.долларын нэмэлт тусламж үзүүлэхээ мэдэгдэв.

Ерөнхийлөгч Володимир Зеленський 21-ний өдөр АНУ-д гэнэтийн айлчлал хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэ үеэр АНУ-ын тал уг шийдвэрээ албан ёсоор зарласан байна.

Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдэл хийхдээ, "ОХУ Украины үндсэн дэд бүтцэд халдан довтолсоор байгаа энэ хүнд хэцүү үед ерөнхийлөгч Зеленський АНУ-д айлчлал хийж буйг манай тал сайшааж байна" гэжээ.

Дайн эхэлснээс хойш анх удаа гадаад улсад айлчилж буй ерөнхийлөгч Зеленський ОХУ Украинд халдан довтолсны 300 дахь өдөр тохиож байгаа эл өдрийн үдээс хойш ерөнхийлөгч Жо Байдентай Цагаан ордонд дээд хэмжээний уулзалт хийж, энэ удаагийн дэмжлэгийн талаар ярилцах гэнэ.

Төрийн нарийн бичгийн дарга Блинкен “Өнгөрсөн 300 хоногийн хугацаанд Орос Украиныг газрын зургаас арчих гэж оролдсон боловч бүтэлгүйтсэн бөгөөд одоо тэд хүйтний улирлыг зэвсэг болгон ашиглаж Украины иргэдийг даарч зутруулж, өлсгөлөнд нэрвэгдүүлэх гэж хичээж байна. Ерөнхийлөгч Байден тун удахгүй Украины батлан ​​хамгаалах салбарт зориулан нэмэлт цэргийн тусламж үзүүлэхээ зарлана” хэмээн онцлон тэмдэглэв.

Үүний үр дүнд Байдены засаг захиргаа тангараг өргөснөөс хойш Украинд үзүүлсэн тусламжийн нийт хэмжээ 21,9 тэрбум ам.доллар болж нэмэгдэх юм.

Тодруулбал, энэхүү дэмжлэгт анх удаа агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” пуужингийн систем багтаж байгаа аж. Ингэснээр АНУ-ын засгийн газрын зүгээс 70-80 километрийн тусгалтай, дайсны нисэх онгоц болон пуужингуудыг алсын зайнаас сөнөөх чадвартай “Patriot” системийг Украинд анх удаа өгөхөөр болж буй нь энэ юм.

Оросууд түрэмгийлснээс хойш АНУ Украинд цэргийн дэмжлэг үзүүлсээр ирсэн ч дэвшилтэт зэвсгээр хангах тал дээр болгоомжтой хандаж, дайныг даамжруулахаас эмээж зайгаа барьсаар ирсэн билээ.

Тодруулбал өнгөрөгч хугацаанд АНУ Украинд "газар-агаар" ангиллын дэвшилтэт пуужингийн систем (NASAMS), өндөр хурдны хөдөлгөөнт их бууны пуужингийн систем (HIMARS), дайсны радар руу довтлох зориулалттай радарын эсрэг пуужин (HARM), түүнчлэн “газар-агаар” ангиллын “Stinger” пуужин болон өндөр хүчин чадал бүхий нисгэгчгүй нисэх төхөөрөмж зэргийг цэргийн тусламж болгон илгээж байв.

Харин Украины засгийн газар эдгээр системүүдээс гадна нисэх онгоцыг сөнөөх чадвартай “Patriot” системээр дэмжлэг үзүүлэхийг байнга хүсч ирсэн билээ. Учир нь цаг агаар хүйтэрч өвлийн улирал болохтой зэрэгцэн Оросын арми Украины дэд бүтцэд олон тооны нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд болон пуужингаар халдах нь эрс ихэсч, тус улсын ард иргэд цахилгаан эрчим хүч болон хэрэглээний усгүй болоод байгаа юм.

Энтони Блинкений хэлж буйгаар “Далавчит пуужин болон ойрын тусгалын баллистик пуужин, нисэх онгоцыг сөнөөх чадвар бүхий “Patriot” системээр хангаснаар хамгаалалтын чадавхи өмнөх агаарын довтолгооноос хамгаалах системтэй харьцуулахад эрс сайжирна” гэж онцлон тэмдэглэв.

Вашингтон Пост сонинд мэдээлснээр, АНУ-ын тал Украин улсад уг системээс нэгийг өгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд үүнд 4-16 пуужин хөөргөх чадвартай найман харвах төхөөрөмж багтсан болохыг дурджээ.

Түүнчлэн энэхүү шийдвэрийн хүрээнд АНУ-ын арми болон Украины арми гуравдагч оронд хамтарсан цэргийн сургуулилалт хийхээр төлөвлөж байна. Гуравдагч орноор Герман дахь АНУ-ын цэргийн бааз тодрох магадлал өндөр байгааг мөн цохон тэмдэглэжээ.

АНУ-ын засгийн газрын зүгээс ерөнхийлөгч Зеленський тус улсад айлчлах төлөвлөгөөг мөн өдрийн өглөө эрт зарлаcан ба хоёр улсын төрийн тэргүүд дээд хэмжээний уулзалтаа өндөрлүүлснийхээ дараа ерөнхийлөгч Зеленський Конгресст айлчилж, Сенат болон Төлөөлөгчдийн танхимд үг хэлж Украинд дэмжлэг үзүүлэхийг уриалахаар төлөвлөсөн байна.

Энэхүү айлчлалын талаар хоёр улсын удирдагчид 11-ний өдөр утсаар ярих үеэрээ анх санал солилцож эцсийн шийдвэрийг өнгөрөгч 18-ний өдөр гаргасан гэж албаны хүн тайлбарлав.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Япон улс бодлогын хүүгээ нэмэгдүүллээ
02024-3-19 13:48
Ж.Инфантино хүчирхийллийг буруушаасан мэдэгдэл гаргалаа
02024-3-19 12:00
Сансарт цөмийн зэвсэг байрлуулахгүй байхыг АНУ, Япон уриалав
02024-3-19 11:57
Хятадад гэрлэлтийн тоо сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаа өсжээ
02024-3-19 11:48
Финландын их сургуулиудыг төгсөгчдөд байнга оршин суух зөвшөөрөл олгоно
02024-3-19 11:45
Хятадад нисгэгчгүй дрон таксиг онлайнаар борлуулж эхэлжээ
02024-3-19 4:31
Apple болон Google компаниуд хиймэл оюун ухааны чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж байна
02024-3-19 3:48
АНУ -ын ЗГ тагнуулын хиймэл дагуулын сүлжээг бий болгохоор SpaceX-тэй 1.8 тэрбум долларын гэрээ байгуулжээ
02024-3-19 3:43
“Күнфү Панда 4” тасалбарын борлуулалтаар дахин тэргүүлжээ
02024-3-18 18:35
Иранд газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх томоохон гэрээ байгуулжээ
02024-3-18 18:26