
ОХУ-ын Украинд халдан түрэмгийлсэн явдлыг зогсоохын тулд АНУ тэргүүтэй барууны орнууд Украинд нийлүүлэх зэвсэг болон бусад цэргийн хангамжийг эрчимтэй нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй гэж цагтаа АНУ-ын төрд сайдын алба хашиж асан эрхмүүд онцлон тэмдэглэв.
Тодруулбал Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райс, Батлан хамгаалахын сайд асан Роберт Гейтс нар орон нутгийн цагаар 7-ны өдөр Вашингтон пост сонинд хэвлүүлсэн нийтлэлдээ “цаг хугацаа Украины талд биш нь харамсалтай" гэжээ.
"Одоогоор тодорхой байгаа цорын ганц зүйл бол тулаан, сүйрэл үргэлжилсээр байх болно. Путин Украиныг ОХУ-ын нэг хэсэг болгох эсвэл тусгаар тогтносон улсынх нь хувьд устгахыг эрмэлзэж байна” хэмээн тэд цохон тэмдэглэсэн байна.
Үргэлжлүүлэн “Цаг хугацаа түүний талд байгаа гэдэгт Путин итгэлтэй байгаа нь тодорхой. Тэрээр Украиныг ялж, АНУ, Европын эв нэгдэлд ан цав үүсч, тэдний үзүүлж буй тусламж дэмжлэг эцэстээ “хэрүүлийн алим” болох нь цаг хугацааны асуудал гэж харж байна” гэж тэд онцлов.
“Украины цэргийн хүчин чадал, эдийн засаг барууны орнууд, тэр дундаа АНУ-аас бараг бүхэлдээ хамааралтай байна. Оросын армийн эсрэг довтолгоонд амжилттай лохгүй л бол барууны орнуудын зүгээс Украинд энхийн гэрээ хэлэлцээр хийхийг шаардах шахалт улам бүр нэмэгдэх нь гарцаагүй. Учир нь цэргийн мухардмал байдал ирэх саруудад ч үргэлжлэх болно” хэмээн тэд таамаглаж буйгаа илэрхийлжээ.
“Өдгөө бидний өмнө үлдсэн цорын ганц сонголт бол АНУ болон түүний холбоотнууд Оросын давшилтыг зогсооход хангалттай хүрэлцэхүйц зэр зэвсгийн хангамжийн асуудлыг яаралтай нэмэгдүүлэх явдал юм. Одоо АНУ болон түүний холбоотнууд Украины шаардаж буй нэмэлт зэвсгийг, тэр дундаа хөдөлгөөнт хуягт зэвсгээр хангах шийдвэр гаргах нь нэн чухал байна” хэмээн саяхан АНУ-ын тал Украинд “Bradley” хуягт машиныг нийлүүлэх шийдвэр гаргасныг сайшаав.
Эх сурвалж: MBC