
Японы томоохон эрчим хүчний компаниуд айл өрхийн цахилгааны үнийг ээлж дараалан нэмэхийг шаардаж байгаа энэ үед Tokyo Electric Power компани ч мөн 10 сая орчим айл өрхийн цахилгааны тарифыг ирэх зургадугаар сараас эхлэн дунджаар 29.3 хувиар нэмэгдүүлэх хүсэлтийг засгийн газарт хүргүүлсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.
Тодруулбал Tokyo Electric Power өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, "Эрчим хүчний түүхий эдийн үнийн өсөлт удаан хугацаанд үргэлжилж буйн улмаас цахилгааны үнийг нэмэхээс өөр аргагүй болж байна” хэмээн онцолжээ.
Японд 2016 онд цахилгаан эрчим хүчний үнийг чөлөөлснөөр уг салбарын аж ахуй нэгжүүд өөрсдийн тарифыг тогтоох боломжтой болсон ч өдгөө хүчин төгөлдөр хэрэгжиж буй зарим гэрээ нь зохицуулалттай тарифын ангилалд багтсан хэвээр байгаа бөгөөд Засгийн газар үнийг өсгөх эсэхийг хянадаг юм. Tokyo Electric Power компанийн хувьд зохицуулалттай тарифын журмаар үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Харин тус улсын засгийн газрын зүгээс Tokyo Electric Power компанийн үнэ нэмэх төлөвлөгөөг хэлэлцсэний үндсэн дээр үнийн өсөлтийн цар хүрээ, цаг хугацааг шийдэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Хэрэв Tokyo Electric Power компанийн үнэ нэмэгдүүлэх саналыг энэ хэвээр нь баталсан тохиолдолд цахилгааны дундаж хэрэглээтэй айл өрхийн сарын тариф 2611 иен буюу монгол мөнгөөр ойролцоогоор 70 орчим мянган төгрөгөөр нэмэгдэж 11737 иен буюу 315 орчим мянган төгрөг болох юм.
Японы засгийн газар эрчим хүчний үнийн хөөрөгдлөөс болж айл өрхүүдэд учирч буй дарамтыг хөнгөвчлөх зорилгоор энэ оны нэгдүгээр сараас эхлэн 9 сарын хугацаанд айл өрхүүдийн цахилгааны төлбөрийн 20 хувийг татаас болгон олгох шийдвэр гаргасан билээ.
Гэвч Tokyo Electric Power компанийн санал болгосон дүн үүнээс их байгаа тул засгийн газраас дэмжих нь юу л бол гэх таамгийг шинжээчид хийсэн байна.
Үүнээс өмнө Tohoku Electric Power, Chukoku Electric Power, Shikoku Electric Power, Hokuriku Electric Power, Okinawa Electric Power зэрэг таван компани цахилгааны үнийг 28.1-45.8 хувиар нэмэгдүүлэх хүсэлтийг Засгийн газарт тавьсан аж.
Эх сурвалж: MBC