
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хурцадмал байдал үүсэж байгаа энэ үед АНУ болон Израиль улсууд орон нутгийн цагаар 24-ний өдөр Газар дундын тэнгист түүхэнд байгаагүй өргөн цар хүрээг хамарсан цэргийн хамтарсан сургуулилалт хийж эхэлжээ.

Энэхүү хамтарсан цэргийн сургуулилалтыг “Juniper Oak 23.2” хэмээн нэрийдэж буй талаар гадаадын томоохон хэвлэлүүд мэдээлсэн байна. Израиль болон Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт болж буй уг сургуулилалтад хоёр улсын зэвсэгт хүчин, тэнгисийн болон агаарын хүчин оролцож байгаа ба 140 гаруй нисэх онгоц, 12 байлдааны хөлөг онгоц дайчлагдаж байгаа аж.
Үүнд F-35, F-15, F-16 зэрэг сөнөөгч онгоцууд, мөн В-52 стратегийн бөмбөгдөгч онгоц, агаарт түлш цэнэглэх танк, AH-64 Apache нисдэг тэрэг багтжээ.

Энэхүү сургуулилалтад Нийт 7500 цэрэг оролцож буйгаас 6400 нь АНУ-ын цэрэг бол 1100 нь Израилийн цэрэг бөгөөд АНУ болон түүний холбоотнууд дунд болж буй хамгийн өргөн хүрээтэй хамтарсан сургуулилалтын нэг болж буйгаараа онцлог юм.

Ойрхи Дорнод болон Хойд Африкт хяналт тавьдаг АНУ-ын Төв командлалын командлагч генерал Майкл Курилла “Энэ бол Төв командлал болон манай холбоотнууд хооронд уламжлал болон болдог байнгын сургуулилалтын нэг хэсэг. Уг сургуулилалт нь хамтын ажиллагаа, цэргийн чадавхийг хөгжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой юм” хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: Asiae