
Өнгөрсөн онд АНУ-ын блокчейн технологийн компаниас 100 сая ам.доллароор хэмжигдэх виртуал хөрөнгө хулгайлсан хэргийн ард Умард Солонгосын хакерын бүлэглэл байсан болохыг тогтоожээ.
АНУ-ын Холбооны мөрдөх товчооны зүгээс орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдэгдэл хийх үеэрээ, өнгөрсөн оны зургадугаар сард "Lazarus" болон "APT38" зэрэг Умард Солонгосын хакерын бүлэглэлүүд Harmony компанийн "Horizon Bridge" үйлчилгээг хакердсан болохыг Аль Жазира зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.
Уг үйлчилгээ нь виртуал хөрөнгийн зах зээлд тодорхой виртуал хөрөнгийг өөр төрлийн виртуал хөрөнгө болгон хөрвүүлж, мөнгөн шилжүүлэг хийдэг технологи бөгөөд үйл ажиллагааг нь хариуцдаг платформууд нь үеийн үед хакеруудын халдлагын бай болсоор иржээ. Блокчейн технологийн судалгааны Chainalysis фирмийн мэдээлснээр, өнгөрсөн онд л гэхэд “Horizon Bridge” нь 13 удаагийн хакерын халдлагад өртөж 2 тэрбум ам.долларын виртуал хөрөнгийг хулгайд алдсан байна. Үйл явдлыг эргэн сануулбал өнгөрсөн оны зургадугаар сард Harmony компанийн зүгээс мэдэгдэл хийхдээ Horizon Bridge-ийг хакердаж, 100 сая ам.доллароор хэмжигдэх виртуал хөрөнгийг хулгайлсан хэмээн онцолж байв.
“LAZARUS” болон “APT38” бүлэглэлүүд нь гүйлгээ хийхэд ямар нэгэн нэр шаарддаггүй “Railgun” үйлчилгээгээр дамжуулан өнгөрөгч 13-ны өдөр тухайн үед хулгайлсан 60 сая ам.долларын Ethereum криптовалютыг угаасан болохыг Холбооны мөрдөх товчоо дурджээ. Тэдний заримыг нь виртуал хөрөнгийн бирж дээр байршуулж, Биткоин болгон хөрвүүлсэн нь мавөн тогтоогдсон байна. Умард Солонгосын тал ийм байдлаар олсон виртуал хөрөнгийг баллистик пуужин болон үй олноор хөнөөх зэвсгийн хөтөлбөрөө шинэчлэн сайжруулахад ашигласан хэмээн Холбооны мөрдөх товчоо үзэж байгаа аж.
“Lazarus” бүлэглэл нь Умард Солонгосын Тагнуулын ерөнхий газартай холбоотой гэдгээрээ алдартай бөгөөд 2014 онд Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны тухай "The Interview" киноны нээлтийг тасалдуулахын тулд Sony Pictures компанийг хакердаж байсан түүхтэй. Харин “APT38” нь “Lazarus”-ын харьяа бүлэглэл бөгөөд 2010 оны дунд үеэс хойш АНУ болон Зүүн өмнөд Азийн банкуудаас мөнгө хакердаж буй юм.
Түүнчлэн Холбооны мөрдөх товчооны зүгээс өнгөрсөн оны 4-р сард хийсэн мэдэгдэлдээ мөн оны 3-р сард Вьетнамын Sky Mavis тоглоомын компанид гарсан виртуал хөрөнгийг хакердсан хэргийн буруутан нь мөн л “Lazarus” болон “APT38” бүлэглэлүүд хэмээн мэдэгдсэн. Тухайн үед тус хоёр бүлэглэл 600 сая ам.долларын виртуал хөрөнгийг хулгайлсан байна.
Салбарын шинжээчид Harmony компанитай холбоотой энэхүү хэрэг явдлын ард гарцаагүй Умард Солонгосын хакерууд байгаа хэмээн таамаглаж байсан юм. Тодруулбал АНУ-ын Binance криптовалютын биржийн гүйцэтгэх захирал Чанфэн Жао саяхан өөрийн Rwitter хуудсаараа дамжуулан "Хакерууд өмнө нь Binance-ээр дамжуулан мөнгө угаахыг оролдсон бөгөөд бид тэдний дансыг царцаасан" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Fnnews