
Турк улсын зүгээс ирэх сард хийхээр төлөвлөж байсан Швед, Финляндын НАТО-д элсэх өргөдлийн талаарх хэлэлцээг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.
Франс Пресс агентлагийн орон нутгийн цагаар 24-ний өдөр Туркийн төрийн мэдлийн TRT телевизийн дипломат эх сурвалжаас иш татан мэдээлснээр ирэх 2-р сард Брюссельд зохион байгуулахаар төлөвлөж байсан дээд хэмжээний уулзалтыг цуцалсан тухай дурдав.
Уг уулзалтад НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг оролцох болно хэмээн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хэвлэлийн төлөөлөгч энэ сарын эхээр мэдэгдэж байсан юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Шведэд болсон Туркийн эсрэг жагсаалын хариуд Швед улс НАТО-д элсэнэ гэж найдалтгүй хэмээн ерөнхийлөгч Эрдоган өмнөх өдөр цохон тэмдэглэсэн билээ.
Тэрээр Шведийн эрх баригчид Стокгольм дахь Туркийн элчин сайдын яамны (ЭСЯ) гадаа жагсагчдыг жагсаал хийхийг зөвшөөрсөнд онцгой шүүмжлэлтэй хандаж "Манай ЭСЯ-ны өмнө ийм харгис хэрцгий үйлдэл гаргахыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс НАТО-гийн гишүүнчлэлийг хүлээн зөвшөөрөх талаар биднээс ямар ч өгөөмөр сэтгэл гарна гэж найдах хэрэггүй” хэмээн хатуухан хэлжээ.
Тодруулбал өнгөрөгч 21-ний өдөр Шведийн нийслэл Стокгольм хот дахь Туркийн ЭСЯ-ны гадаа Данийн хэт барууны үзэлтэй "Hard Line" намын зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал болсон юм. Тус намын дарга Расмус Палудан уг жагсаалын үеэр Туркийн эсрэг Куран судар шатаах зэрэг үйлдэл гаргасан байна.

Швед, Финлянд улсууд Украинд дайн эхэлснээс хойш 70 гаруй жилийн турш баримталж ирсэн цэргийн эвсэлд үл нэгдэх бодлогоосоо татгалзаж, НАТО-д элсэх хүсэлт гаргаад байгаа билээ. Тэгвэл НАТО-гийн 30 гишүүн орон бүгдээрээ хүлээн зөвшөөрч байж биеллээ олох уг хүсэлт өдгөө зөвхөн Турк болон Унгар улсын эцсийн шийдвэрийг хүлээж байгаа юм.
Эх сурвалж: Newsis