
АНУ-ын Сансар судлалын агентлаг буюу НАСА-гийн зүгээс Ангараг гараг гэх мэт сансар огторгуйн гүнийг судлахад зарцуулагдах хугацааг богиносгох боломж бүхий цөмийн хөдөлгүүрт сансрын хөлгийг 2027 он гэхэд хөөргөхөө мэдэгдлээ.
Тодруулбал НАСА-гийн тэргүүн Билл Нелсон орон нутгийн цагаар 24-ний өдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ, АНУ-ын армийн судалгаа, хөгжлийн агентлаг болох Батлан хамгаалахын дэвшилтэт судалгааны төслүүдийн агентлаг (DARPA)-тай хамтран 2027 онд термоядролын хөдөлгүүрийн технологийг боловсруулж, туршихаа мэдэгдэв.
"Энэхүү шинэ технологийн тусламжтайгаар сансрын нисгэгчид сансар огторгуйн гүнд хурдан хугацаанд хүрэх боломжтой болох юм. Мөн Ангараг гараг руу хүнтэй нислэг үйлдэхэд шаардлагатай гол технологийн нэг” хэмээн Нелсон онцлон тэмдэглэжээ.
Термоядролын хөдөлгүүрийн технологи нь шингэрүүлсэн түлшийг исэлдүүлэгчгүйгээр халаахын тулд цөмийн хайлуулах реакторыг ашигладаг аж. Энэ нь ердийн химийн түлшээр ажилладаг пуужингийн хөдөлгүүрээс гурав дахин илүү үр ашигтай байдаг тул Ангараг гаргаар тогтохгүй сансар огторгуйн гүний биетүүд рүү сансрын нисгэгчдийг илгээхэд тун хэрэгтэй технологи юм. Уламжлалт химийн түлшний хөдөлгүүрт хөлгөөр Ангараг гарагт хүрэхэд 9 сарын хугацаа зарцуулдаг бол термоядролын хөдөлгүүрт хөлгийн тусламжтайгаар үүнийг ердөө 4 сар болгон бууруулах боломж бүрдэх юм. Ингэснээр сансрын нисгэгчдийн сансрын гүний цацрагт өртөх хугацаа төдийгүй сансрын хөлөгт ачих хоол хүнс болон бусад ачааны хэмжээг багасгах боломжтой болно.
НАСА-гийн дэд захирал асан сансрын нисгэгч Памела Мелрой "Цаг хугацааг богиносгоно гэдэг нь аюулгүй байдал нэмэгдэнэ гэсэн үг” хэмээн онцолжээ.
НАСА нь 50 гаруй жилийн өмнө термоядролын хөдөлгүүр бүтээхээр ажиллаж байсан ч төсөв хүрэлцээгүйн дээр хүйтэн дайн дэгдсэн зэрэг хэд хэдэн томоохон хүчин зүйлийн улмаас төслийг зогсоож байв.
НАСА болон Батлан хамгаалахын дэвшилтэт судалгааны төслүүдийн агентлаг нь өндөр хурдны пуужингийн туршилтын “DRACO" хөтөлбөрөөр дамжуулан термоядролын хөдөлгүүртэй сансрын хөлөг бүтээж, дэлхий болон сарны хооронд хөөргөх туршилт хийхээр төлөвлөж байгаагаа энэ үеэр мэдэгдсэн байна.
2021 онд Батлан хамгаалахын дэвшилтэт судалгааны төслүүдийн агентлаг нь цөмийн реактор болон сансрын хөлгийн дизайны судалгааг Lockheed Martin, Blue Origin, General Atomics гэсэн гурван компанид даалгасан ба улмаар ирэх гуравдугаар сард цөмийн хөдөлгүүрт сансрын хөлөг үйлдвэрлэгчийг сонгохоор төлөвлөжээ.
Эх сурвалж: Kyunghyang