
Цахим худалдааны салбартаа дэлхийд тэргүүлэгч Аmazon компани өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд зах зээлийн хүлээлтээс давсан борлуулалт хийжээ.
Тодруулбал Аmazon компанийн зүгээс өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын орлого нь 149,2 тэрбум ам.долларт хүрч, Уолл Стритийн 145,4 тэрбум ам.долларын хүлээлтээс давсан болохыг орон нутгийн цагаар 2-ны өдөр мэдээлсэн байна.
Харин тус компани энэ оны эхний улирлын орлогоо 121-126 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн таамаглаж буйгаа мөн энэ үеэр мэдэгджээ. Санхүүгийн шинжилгээний Refinitiv фирмийн шинжээчид ч мөн 125.1 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн юм.
Нөгөөтэйгүүр, цахим хайлтын системийн тэргүүлэгч Google-ийн толгой компани болох Alphabet нь өнгөрөгч улиралд цахим сурталчилгааны салбарын уналтын нөлөөгөөр Уолл Стритийн хүлээлтээс доогуур орлоготой ажилласнаа мэдэгдэв.
Тодруулбал Alphabet компани нь өнгөрөгч дөрөвдүгээр улиралд 76,05 тэрбум ам.долларын орлого олсон нь Уолл Стритийн 76,53 тэрбум ам.долларын хүлээлтээс бага байв.
Түүнчлэн цэвэр ашиг нь 13.62 тэрбум ам.доллар болсон нь 2021 оны дөрөвдүгээр улирал буюу жилийн өмнө 20.64 тэрбум ам.долларт хүрч байсантай харьцуулахад 7 тэрбум гаруй ам.доллараар буурсан үзүүлэлт болжээ.
Эх сурвалж: YTN