
Японы автомашин үйлдвэрлэгч Honda компани орон нутгийн цагаар 15-ны өдөр АНУ болон Канадад зарагдсан 450,000 орчим автомашины аюулгүйн бүс гэмтэлтэй байгаагийн улмаас эргүүлэн татах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
Тодруулбал уг шийдвэрийн хүрээнд 2017-2020 онд үйлдвэрлэгдсэн CR-V, 2018-2019 онд үйлдвэрлэгдсэн Accord, 2018-2020 оны хооронд үйлдвэрлэгдсэн Odyssey, 2019 оны Insight зэрэг нийт 448,000 автомашиныг эргүүлэн татахаар болсон байна.
Тус компанийн АНУ-ын Үндэсний Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Газарт ирүүлсэн тайланд дурдсанаар, дээр дурдсан автомашинуудын жолоочийн суудал болон жолоочийн хажуугийн зорчигчийн суудлын аюулгүйн бүс нь стандартын бус үйлдвэрлэгдсэний улмаас түгжигдэх тал дээр асуудалтай байж болзошгүй хэмээн мэдэгджээ.
Аюулгүйн бүс стандартын дагуу зөв түгжигдээгүйгээс тээврийн хэрэгсэл ямар нэгэн осолд өртсөн тохиолдолд жолооч болон бусад зорчигчид бэртэж гэмтэх эрсдэл нэмэгдэх болно хэмээн компанийн зүгээс эргүүлэн татах болсон шалтгаанаа тайлбарлав.
Азаар өнөөдрийг хүртэл уг асуудлаас үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тээврийн хэрэгсэл эзэмшигчид аюулгүйн бүсээ өөрт хамгийн ойр байрлах албан ёсны дилер дээр очин солиулж болох аж.
Эргэн татах шаардлагатай тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд дараа сарын 17-ны өдрөөс эхлэн бичгээр мэдэгдэх гэнэ.
Эх сурвалж: SBS