АНУ-ын нисгэгчгүй нисэх төхөөрөмж Хар тэнгист ОХУ-ын сөнөөгч онгоцтой мөргөлдөн осолджээ
3 сарын 17. 2:070

Хар тэнгисийн дээгүүр нисч байсан Америкийн нисгэгчгүй нисэх төхөөрөмж Оросын сөнөөгч онгоцтой мөргөлдөж осолдсон тухай Америкийн армийн Европ дахь командлал орон нутгийн цагаар 14-ний мэдэгдэв. Оросын “СУ-27” хоёр сөнөөгч онгоц олон улсын агаарын орон зайд энгийн л тандалт, тагнуулын ажиллагаа явуулж байсан АНУ-ын Агаарын цэргийн хүчний “MQ-9” нисгэгчгүй нисэх төхөөрөмж рүү ойртон, сэнсийг тасалсны улмаас осолдсон байна. АНУ-ын олон нийтийн радио NPR "Украины дайнаас болж АНУ, ОХУ-ын хооронд хурцадмал байдал аль хэдийн даамжираад байгаа энэ үед болсон энэхүү явдал нь тун анхаарал татаж байна” хэмээн мэдэгджээ.

Өглөөний 07:03 цагт Хар тэнгис дээгүүр буюу олон улсын агаарын орон зайд нисч явсан Оросын “СУ-27” сөнөөгч онгоц “MQ-9” нисгэгчгүй нисэх төхөөрөмжний сэнсийг мөргөсний улмаас АНУ-ын цэргийнхэн “MQ-9” төхөөрөмжийг олон улсын усан хилд сүйрүүлэхээс өөр аргагүй болсон аж. Түүнчлэн осол болохоос өмнө “СУ-27” сөнөөгч онгоц хэд хэдэн удаа “MQ-9”-тэй ойрхон нисч байгаль орчинд ээлгүй, мэргэжлийн бус байдлаар шатахуун цацсан” хэмээн Европын командлалаас мэдэгдэв. АНУ-ын арми “Энэхүү үйл явдал нь Оросын талын аюулгүй байдлыг хангаагүй, мэргэжлийн бус, мөн өөрсдөдөө итгэлгүй байгаагийн тод илрэл боллоо” хэмээн шүүмжилсэн байна.

"Олон улсын агаарын орон зайд байнгын ажиллагаатай байсан “MQ-9” нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг Оросын сөнөөгч онгоц унагаж, бүрмөсөн ашиглалтаас гаргалаа. ОХУ-ын аюулгүй байдлыг хангаагүй, мэргэжлийн бус үйлдэл нь хоёр онгоцыг хоёуланг нь сүйрүүлэх шахлаа” хэмээн АНУ-ын Европ дахь Агаарын цэргийн хүчний ерөнхий командлагч Жеймс Хекер онцлов.

Өнгөрсөн оны 2-р сард Орос Украинд халдан түрэмгийлснээс хойш АНУ болон ОХУ-ын цэргийн нисэх онгоцнуудын хооронд болсон анхны мөргөлдөөн нь хоёр улсын хоорондын хурцадмал байдлыг улам даамжруулах төлөвтэй байгаа талаар CNN агентлаг хөндсөн байна. АНУ, ОХУ-ын армийн цэргийн нисэх онгоцууд агаарт үүргээ биелүүлж байхдаа ийнхүү мөргөлдөж АНУ-ын онгоц осолдсон явдал нь хүйтэн дайн дууссанаас хойш анхны тохиолдол болсон талаар Associated Press агентлаг мэдээллээ.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Патрик Райдер хэлэхдээ, цэргийн онгоцыг саатуулах нь тийм ч ховорхон тохиолддог зүйл биш ч ихэнх нь эсрэг талын онгоцыг танихын тулд аюулгүй, мэргэжлийн аргыг хэрэглэдэг гэв. Тэрээр үргэлжлүүлэн “”MQ-9” нисгэгчгүй нисэх төхөөрөмж Украины дайн эхлэхээс өмнө Хар тэнгисийн бүс нутаг дээгүүр үүргээ биелүүлэн нисдэг байсан. Олон улсын усан зам болох Хар тэнгисийн агаарын орон зайд үүрэг гүйцэтгэх нь АНУ-ын армийн хувьд тийм ч сонин содон зүйл биш” хэмээн дурдав. Түүнчлэн уг нисгэгчгүй нисэх төхөөрөмж нь Украины нутаг дэвсгэрээс тодорхой зайд үүргээ гүйцэтгэж байсан гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

АНУ-ын засгийн газар ОХУ-ын үйлдлийг шүүмжилж, цаашид ч олон улсын агаарын орон зайд энэ төрлийн нислэгийг үргэлжлүүлэн үйлдсээр байх болно гэдгээ мэдэгджээ. Тодруулбал Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) Стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби ерөнхийлөгч Жо Байденд болсон явдлын талаар мэдээлэл өгсөн гэж мэдэгдээд, “Оросын тал иймэрхүү хорлон сүйтгэх ажиллагаа цөөнгүй явуулдаг ч энэ удаагийн үйлдэл аюултай, мэргэжлийн бус, болгоомжгүй байдлаараа тун их анхаарал татаж байна” хэмээн шүүмжлээд “АНУ Хар тэнгис дээгүүр тагнуулын нислэг үйлдсээр байх болно. Хар тэнгис нь аль нэг улсын нутаг дэвсгэрт хамаардаггүй” гэдгийг онцлов.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр "Оросын үйлдэл олон улсын хуулийг илт зөрчиж байна. Бид энэхүү үйл явдлыг эрс эсэргүүцэж байна” хэмээсэн байна. Төрийн департаментын зүгээс мөн өдрийн үдээс хойш АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Анатолий Антоновыг дуудаж уулзсан бол ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайд Линн Трейс тус улсын Гадаад хэргийн яаманд тун яаралтай гомдол гаргасан аж. Элчин сайд Антонов Төрийн департаментад хэлэхдээ “Бид АНУ болон ОХУ-ын хооронд ямар нэгэн сөргөлдөөн үүсгэхийг хүсэхгүй байна” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.

Харин ОХУ АНУ-ын мэдэгдлийг эрс үгүйсгэжээ. Тухайлбал тус улсын Батлан ​​хамгаалах яамны зүгээс Америкийн “MQ-9” нисгэгчгүй нисэх төхөөрөмж нь Крымын ойролцоо Хар тэнгис дээгүүр нисч байхыг олж харсан бөгөөд энэ нь "цэргийн тусгай ажиллагаа (Украины дайн)" хийх зорилгоор түр тогтоосон агаарын хилийг зөрчсөн явдал хэмээн тайлбар хийв. Мөн Оросын сөнөөгч онгоц АНУ-ын нисгэгчгүй нисэх төхөөрөмж рүү дайраагүй гэдгийг тус яам дурдаад тус төхөөрөмж нь удирдлагаа алдаж, доошлох үедээ хатуу гадаргуу дээр тусч осолдсон хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Беларусийн ерөнхийлөгчийн эзэмшилд байдаг онгоцыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ
02023-3-25 23:51
Бразилийн ерөнхийлөгч асан Болсонаро энэ сарын 30-нд АНУ-аас эх орон руугаа буцна
02023-3-25 23:20
Ерөнхийлөгч Макрон 80 мянган ам.долларын тансаг цагаа шууд нэвтрүүлгийн үеэр нуусан уу?
02023-3-25 22:37
2025 оноос Чикагогийн нисэх онгоцны буудал болон хотын төвийн хооронд агаарын такси үйлчилж эхэлнэ
02023-3-25 21:02
Silicon Valley банк дампуурснаас хойш америкчууд жижиг, дунд банкнуудаас 550 тэрбум ам.долларыг эргүүлэн татжээ
02023-3-25 14:42
Хятад улс маргаашнаас дотоодын болон олон улсын нислэгийн тоог эрс нэмэгдүүлнэ
02023-3-25 12:44
Форд компани цахилгаан автомашины салбарын алдагдалаа 3 тэрбум ам.долларт хүрэх таамаг дэвшүүлжээ
02023-3-25 12:23
Хятадын эдийн засаг сэргэснээр дэлхийн газрын тосны нийт эрэлтийн 40 хувийг дангаар хэрэглэх төлөвтэй байна
02023-3-25 2:01
“Starbucks”-ийн шинэ гүйцэтгэх захирал сар бүр нэг салбартаа баристагаар ажиллах гэнэ
02023-3-24 19:00
Европын холбоо: ОХУ-д аваачсан Украин хүүхдүүдийг эх оронд нь буцаах асуудлаар ОУ-ын хурал зохион байгуулах хэрэгтэй
02023-3-24 12:09