
Гурван сарын турш тасралтгүй ханиалгасан гэх зовиуртайгаар эмнэлэгт хандсан 5 настай Парагвай хүүгийн уушгинаас 3 сантиметр хэмжээтэй пүрш олджээ.
Британийн өдөр тутмын The Sun сонины орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдээлснээр, хүүхэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш саяхныг хүртэл тасралтгүй ханиалгаж байсан болохыг онцлов. Улмаар хүү асран хамгаалагчийнхаа хамтаар эмчилгээ хийлгэхээр Парагвайн Гуайра хотын Вильярика эмнэлэгт очиж рентген зураг авахуулахад зүүн уушгинд нь төмөр пүрш гацсан байхыг олсон байна.
Хүүхдийг нэн даруй Парагвайн үндэсний амьсгалын замын эрүүл мэндийн төв рүү шилжүүлж, өнгөрөгч 8-ны өдөр уушгин дахь пүршийг авах мэс засал хийжээ. Одоогоор хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа ч пүрш хүүгийн уушгинд хэрхэн орсон нь тодорхойгүй хэвээр байгаа аж.
Хүүд мэс засал хийсэн Карлос Мориниго эмч "Пүрш хүүгийн уушгинд хэдэн сарын турш байсан учир шигдэх зэргээр уушги нь гэмтсэн байсан тул хагалгаа хийхэд хүндрэлтэй байсан. Хүү одоо эдгэх үе шатандаа явж байгаа ч уушгины эд эс гэмтэж, үйл ажиллагаа доголдож байгаа нь аажмаар сайжрах болно” хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Хүү бүтэн гурван сарын турш ханиалгаж байхад эцэг эх нь энэ хугацаанд түүнийг нэг ч удаа эмчид үзүүлээгүй гэдгийг Мориниго эмч толгой сэгсрэн өгүүлжээ. Тэрбээр “Эцэг эхчүүдэд хандан хүүхдэдээ анхаарал хандуулж, аль нэг газар нь өвдөж байна гэдгээ хэлбэл заавал эмнэлэгт хандаарай” хэмээн уриалав.
Эх сурвалж: Asiae