
АНУ-ын Төрийн департамент Австрали улсын хүссэн 220 далавчит пуужинг худалдахыг зөвшөөрсөн тухай CNN агентлаг мэдээллээ.
Батлан хамгаалахын аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлаг (DSCA) мэдэгдэлдээ, уг гэрээ нь засвар үйлчилгээ, техникийн дэмжлэг гээд 895 сая ам.доллароор хэмжигдэж байгааг онцлов.
“Энэхүү гэрээ нь хэрэгжсэнээр Австрали улс АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпус болон бусад цэргийн хүчинтэй хамтран ажиллах чадварыг нэмэгдүүлэхээс гадна харилцан ашигтай хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах болно” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.
Энэхүү зэвсгийн худалдаа нь Австрали, АНУ, Их Британи улсуудын аюулгүй байдлын “АUKUS” гэрээтэй шууд холбоотой аж. Эдгээр пуужингуудыг эхлээд Австралийн эсминец, дараа нь АНУ-аас Австралид нийлүүлэх Виржиниа ангиллын цөмийн шумбагч онгоцонд суурилуулах юм.
“Tomahawk” пуужингуудыг анх 1991 онд Персийн булангийн дайны үеэр хэрэглэж эхлэж байв. Пуужин нь маш нам өндөрт дууны хурдтай (Mach 0.5-0.7) нисдэг бөгөөд тусгай удирдамжийн системээр ажилладаг аж.
Энэхүү пуужинг АНУ болон Их Британид үйлдвэрлэсэн шумбагч онгоцноос гадна АНУ-ын Тэнгисийн цэргийн хөлөг онгоцноос харвах боломжтой.
Одоогийн байдлаар зөвхөн Их Британи л АНУ-аас “Tomahawk” пуужинг худалдаж аваад байсан бол Японы засгийн газар "эсрэг довтолгооны чадвар (дайсан руу довтлох чадвар)" өндөртэй энэхүү пуужинг 400 хүртэлх тоогоор худалдаж авахаар төлөвлөж байгаагаа саяхан зарласан билээ.
Эх сурвалж: Newsis