
АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Форд компани энэ жил цахилгаан автомашины бизнесээсээ 3 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ хэмээн таамаглажээ.
Тус компанийн зүгээс орон нутгийн цагаар 23-ны өдөр бизнесийн хэлтсийн гүйцэтгэл, урьдчилсан мэдээг нийтэлсэн ба цахилгаан автомашины салбарын энэ жилд хүлээх алдагдал 3 тэрбум ам.доллар болж өснө гэж тооцоолж буйгаа уг мэдээнд дурдсан байна. Тус компанийн цахилгаан автомашины бизнес 2021 онд 900 сая ам.доллар, өнгөрсөн онд 2.1 тэрбум ам.долларын алдагдалыг тус тус хүлээсэн аж. Үүнээс харахад алдагдлын хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа нь бэлхнээ харагдах бөгөөд энэ онд өмнөх хоёр жилийн алдагдлын нийлбэрийн хэмжээнд хүрэх төлөвтэй байгаа юм. Учир нь цахилгаан автомашины бизнест оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ хурдацтай нэмэгдэж байгаа ч ашигт ажиллагаа төдийлөн сайжрахгүй байна. Фордын Санхүү хариуцсан захирал Жон Роллер хэлэхдээ "Цахилгаан тээврийн хэрэгсэл хөгжүүлэх, үйлдвэрийн байгууламжийг өргөтгөхөд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна” хэмээн өгүүлсэн байна. Фордын АНУ-ын цахилгаан автомашины зах зээлд эзлэх хувь өнгөрсөн оны байдлаар 7.6 хувьд хүрсэн нь Теслагийн дараа орох үзүүлэлт юм.
Компанийн зүгээс өнгөрсөн онд -40 хувьтай байсан татварын өмнөх үйл ажиллагааны ашгийг 2026 оны эцэс гэхэд 8 хувьд хүргэхээс гадна жилд 2 сая цахилгаан машин үйлдвэрлэхээр зорьж буйгаа онцлон тэмдэглэв. Харин Уолл Стрит Журнал сонин энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд тун амаргүй байх болно гэв. Barclays хэлэхдээ, "Инфляцын өсөлт болон цахилгаан тээврийн хэрэгслийн үнэ буурч буй зэргийг харгалзан үзвэл дээр дурдсан хугацаанаас өмнө “эргэлтийн цэг” тохиох нь тун эргэлзээтэй асуудал" гэжээ. Нөгөөтэйгүүр Форд компани дотоод шаталтат хөдөлгүүрт автомашин болон арилжааны тээврийн хэрэгслийн салбараас олох ашгийг 9-11 тэрбум ам.долларт хүргэх төсөөлөлтэй байна.
Эх сурвалж: Hankyung