
Пүрэв гарагт ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр Европт байгалийн хийн үнэ бууж, 1,000 шоо метр байгалийн хийн үнэ 2021 оны тавдугаар сарын 20-ы өдрөөс хойш анх удаагаа 300 ам.доллароос доош үнэлгээнд хүрчээ. Энэ нь лхагва гарагийн үнэлгээтэй харьцуулахад даруй 3.3 хувиар буурсан үзүүлэлт юм.
Үйл явдлын хүрээнд Нидерландын TTF бирж дээр байгалийн хийн зургаадугаар сарын фьючерсийн үнэ 1,000 шоо метрт 298 ам.доллар болж унасан байна. Үүнийг мегаватт цагаар үнэлбэл, нэг мегаватт цаг эрчим хүчийг 26.8 еврогоор худалдан авах ажээ.
Байгалийн хийн үнэ ийн буурч байгаа гол шалтгаан нь цаг агаар дулаарч, нөөцлүүрүүдэд хангалттай байгалийн хий байгаа болон Европ тивд орж ирэх шингэрүүлсэн байгалийн хийн урсгал нэмэгдсэнтэй холбоотой юм.
ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр өдгөө Европын байгалийн хийн нөөцлүүрүүд 66.5 хувийн дүүргэлттэй байна.
Эх сурвалж: ТАСС