
АНУ-ын засгийн газар хилийн чанад дахь зэвсгийн үйлдвэрлэлийг санхүүжүүлдэг Умард Солонгосын байгууллагуудад хориг тавихаа мэдэгдсний дараахан тус улстай холбоотой 4.4 сая ам.доллароор хэмжигдэх виртуал хөрөнгийг хураан авчээ.
Виртуал хөрөнгийн салбартаа тэргүүлэгч бирж болох Binance орон нутгийн цагаар 24-ний өдөр өөрийн Twitter хуудаснаа "Умард Солонгос дахь зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой 4.4 сая ам.долларын хөрөнгө бүхий дансыг царцаахад АНУ-ын хууль сахиулах байгууллагуудад тусалж байгаадаа баяртай байна" хэмээн жиргэсэн байна.
Binance-ын зүгээс уг жиргээндээ "Бид жилийн өмнөөс л энэ дансыг ажиглаж хянаж ирсэн. Түүнчлэн бид өдөр тутамд улс орнуудын эрх баригчидтай нягт хамтран ажиллаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт этгээдүүдийн эсрэг арга хэмжээг байнга авдаг” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Үүний өмнөхөн буюу өнгөрөгч 23-ны өдөр АНУ-ын Сангийн яамны зүгээс кибер халдлага үйлдэж Умард Солонгосын хууль бус зэвсгийн хөтөлбөрийг санхүүжүүлж буй хувь хүн болон дөрвөн аж ахуйн нэгжид хориг тавьсан юм.
Уг хориг арга хэмжээний хүрээнд БНАСАУ-ын Үндэсний Батлан хамгаалах яамны харьяа Мэдээллийн Технологийн Хамтын Ажиллагааны Jinyeong компани, Тагнуулын ерөнхий товчооны дэргэдэх Техникийн тагнуулын товчоо болон түүний харьяа байгууллага болох “LAB 110”, Мирим их сургууль хэмээн нэрлэгддэг Пёньян хотын автоматжуулалтын их сургууль зэрэг 4 байгууллагаас гадна JinYeong Мэдээллийн Технологийн Хамтын Ажиллагааны компанийн ерөнхий менежер Ким Сангманд хориг арга хэмжээ авчээ. Мөн АНУ-ын Сангийн яам Ким Сангмантай холбоотой виртуал хөрөнгийн дансны дугаарыг энэ үеэр ил болгосон байна.
Эх сурвалж: Fnnews
Mm