
Мягмар гарагт Украины Херсон муж дахь далан гадны нөлөөтэйгөөр сэтэрснээс үүдэн ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх болжээ.
Украины талаас мэдээлж байгаагаар далан шөнийн 02:50 минутад сэтэрсэн бөгөөд даланг оросууд дэлбэлсэн гэсэн юм. Гэвч ОХУ-ын талаас энэхүү мэдэгдлийг эрс няцааж, Киевийн хорлон сүйтгэх ажиллагааны нэг хэсэг хэмээжээ.
Далангийн байршлыг тодруулбал, Оросын эзэлсэн Украины Нова Каховка тосгоны усан цахилгаан станцад байршдаг юм. Далан нь голын эхэнд байдаг хүн ам болон Запорожжье атомын цахилгаан станцыг усаар хангадаг тул ач холбогдлын зэргээрээ дээгүүр бичигддэг ажээ.
Үйл явдлын хүрээнд ерөнхийлөгч Володимир Зеленськийн мэдэгдсэнээр далан сэтэрснээр 80 орчим тосгон, суурин усанд автах эрсдэлд орсон гэсэн юм. Улмаар аврах багийнхан нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулж байгаа ажээ.
Мэргэжилтнүүдийн хэлснээр далангийн ус цаг тутам 5 сантиметрээр хорогдож байгаа гэсэн бөгөөд холбогдох албаныхны анхааруулж байгаагаар далангийн ус эрс багасвал Запорожжье атомын цахилгаан станц дахь яаралтай үед ажиллах зориулалттай дизель генераторуудын үйл ажиллагаа доголдож болзошгүй гэжээ.
Эх сурвалж: BBC