
Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн 2002 онд үүсгэн байгуулсан сансрын нислэгийн зардлыг бууруулах зорилго бүхий SpaceX компанийн орон нутгийн цагаар 18-ны өдөр хөөргөсөн олон удаа ашиглах зориулалттай, хүнд даацын, ачааны "Starship" пуужингийн дэлхийн тойрог замд хийсэн хоёр дахь туршилтын нислэг бүтэлгүйтэв. Өнгөрөгч 4-р сард “өөрийгөө устгах дэлбэрэлт”-ээр төгсгөл болсон тус пуужингийн анхны туршилтын нислэгтэй харьцуулахад энэ удаад “Starship” сансрын хөлөг зөөгч пуужингаасаа амжилттай салж чадсан нь томоохон амжилт болсон байна.
Энэхүү хөлөг нь “Starship” хэмээх ачаа зөөх зориулалт бүхий хүнд даацын сансрын хөлөг болон “Super Heavy” гэх зөөвөрлөгч пуужингаас бүрддэг аж.
Associated Press зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, SpaceX компани нь мөн өдрийн өглөөний 07:03 цагт АНУ-ын Техас мужийн өмнөд хэсэгт орших Бока Чика далайн эрэгт байрладаг Starbase хэмээх сансрын хөөргөх байгууламжаас 120 метр өндөр, хоёр хэсгээс бүтсэн энэхүү пуужинг хөөргөсөн байна.
Улмаар хөөргөснөөс хойш төд удалгүй "Starship" сансрын хөлөг "Super Heavy" зөөгвөрлөгч пуужингаас салан 90 километрийн өндөрт гарч, сансрын тойрог замд орох оролдлогыг хийжээ.
Гэвч хөөргөснөөс хойш найм орчим минутын дараа “Super Heavy” пуужин Мексикийн булангийн дээр дэлбэрсэн байна. Харин "Starship" хөлгийг 148 километрийн өндөрт гарах үед холбоо тасарснаар SpaceX компанийн зүгээс ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөөрснөөс хойш 8 минутын дараа “өөрийгөө устгах дэлбэрэлт”горимыг идэвхжүүлэх шийдвэр гаргажээ.
240 километрийн өндөрт тойрог замд орж, дэлхийг нэг удаа тойрч, 90 минутын дараа Хавайн ойролцоо Номхон далайд газардах төлөвлөгөөтэйгээр энэхүү туршилтын нислэгийг хийсэн аж. Энэ удаагийн нислэг хэдийгээр бүтэлгүйтсэн ч өнгөрөгч 4-р сард хийсэн анхны нислэгтэй харьцуулахад нислэгийн хугацаа хоёр дахин, өндөр нь гурав дахин нэмэгдсэн байна.
SpaceX компанийн зүгээс энэ удаагийн нислэг бүтэлгүйтсэн шалтгааныг тайлбарлахдаа "“Super Heavy” зөөвөрлөгч пуужин болон “Starship” сансрын хөлөг төлөвлөснөөс хурдан салсан” гэж онцолсон ч “Итгэхэд бэрх маш том амжилтыг үзүүлсэн өдөр байлаа” хэмээн үнэлсэн байна. Уг нислэгийг хөөргөх талбайгаас өөрийн биеэр үзсэн Маск ч өөрийн X (хуучнаар Twitter) хуудаснаа "SpaceX-ийн багт баяр хүргэе" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлагийн (НАСА) тэргүүн Билл Нелсон "Сансрын хөлгийг хөөргөнө гэдэг бол маш том үйл явдал юм. Өнөөдрийн туршилтын нислэг нь туршлага хуримтлуулах, юун дээр алдсанаа хянах үйл явц л төдий бөгөөд тэд дахин хөөргөх хангалттай боломжтой” хэмээн өгүүлэв. Тэрээр үргэлжлүүлэн “НАСА болон SpaceX нь хүн төрөлхтөнийг сар төдийгүй Ангараг гараг, бүр түүнээс ч цааш хүргэх болно” хэмээн цохон тэмдэглэжээ.
SpaceX компанийн хувьд анх 17-ны өдөр “Starship” хөлгийг хөөргөхөөр төлөвлөж байсан ч техникийн асуудал тулгарсны улмаас хөөргөх ажиллагаа нэг хоногоор хойшлогдсон аж.
Түүнчлэн тус компани энэ удаагийн туршилтын нислэг бүтэлгүйтсэн шалтгааныг нарийн судлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв. АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар мөн ослын мөрдөн байцаалтад хяналт тавина гэж мэдэгдсэн байна.
Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн том, хамгийн хүчирхэг сансрын хөлөг болох Starship” нь "Super Heavy” зөөвөрлөгч пуужин болон “Starship” сансрын хөлгөөс бүрддэг талаар дээр дурдсан билээ. Тэгвэл зөөвөрлөгч пуужин 70 метрийн өндөртэй бол сансрын хөлөг 50 метрийн өндөртэй ба нийт 120 метр буюу 40 орчим давхар байшинтай дүйх аж. Өөрөөр хэлбэл 93.5 метр өндөртэй Эрх чөлөөний хөшөөнөөс өндөр гэсэн үг юм.
“Super Heavy” зөөвөрлөгч пуужинд шингэн метаныг түлш, шингэн хүчилтөрөгчийг исэлдүүлэгч болгон ашигладаг 33 ширхэг “Raptor” хөдөлгүүр суурилагдсан байдаг ба харин “Starship” хөлөг 6 хөдөлгүүртэй аж. “Raptor” хөдөлгүүр нь “Falcon 9” пуужингийн "Merlin” хөдөлгүүртэй харьцуулахад хоёр дахин их хүчин чадалтай гэнэ.
Өнгөрсөн 4-р сард хийсэн анхны туршилтын үеэр “Super Heavy” зөөвөрлөгч пуужингийн 33 “Raptor” хөдөлгүүрийн тэсрэх хүч нь хөөргөх талбайд том тогоо үүсгэж, улмаар хучилтын бетоны хэсгүүд агаарт цацагдаж, ойр орчимдоо ихээхэн хохирол учруулж байсан билээ. Улмаар Илон Маск анхны туршилтын нислэг бүтэлгүйтсэн талаарх тайланд үндэслэн өнгөрөгч 6-р сард “Starship” болон “Super Heavy”-д жижиг, том нийлсэн 1000 гаруй шинэчлэсэн тохируулгыг хийсэн хэмээн мэдэгдэж байв.
Эх сурвалж: Asiae
Орос Хятадтай хамтарвал илүү их амжилт олох байхдаа