Цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэлээрээ Хятаддаа тэргүүлэгч BYD компани 100.000 цахилгаан автомашиныг АНУ-ын Uber компанид нийлүүлэхээр болжээ.
BYD болон Uber компаниуд орон нутгийн цагаар өнгөрсөн сарын 31-ний орой нийтэлсэн мэдэгдэлдээ “Тус хоёр компани нь Uber-ийн жолооч нарын цахилгаан тээврийн хэрэгслийн өмчлөлийн нийт зардлыг бууруулж, Uber платформ дээрх цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхээс гадна сая сая зорчигчдод илүү ногоон тээврийн хэрэгсэл сонгох боломжийг олгохыг зорьж байна” хэмээн цохон тэмдэглэсэн талаар Хонг Конгийн South China Morning Post сонинд мэдээлэв.
Uber нь BYD компанийн цахилгаан автомашиныг Ойрхи Дорнод, Канад, Австрали, Шинэ Зеландын зах зээлд ашиглах аж.
South China Morning Post "Энэ бол BYD-ийн 2022 оноос хойш Хятадаас гадуур байгуулсан хамгийн том нийлүүлэлтийн гэрээ юм. Түүнчлэн АНУ болон Европын холбоо Хятадын автомашинд ногдуулах татварын хэмжээгээ ээлж дараалан нэмэгдүүлснээр BYD болон Хятадын компаниуд хөгжингүй зах зээлд нэвтрэхэд багагүй саадтай тулгарч байгаа энэ үед энэхүү гэрээг үзэглэсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна” хэмээн дүгнэв.
Тус компани нь зөвхөн эх газрын Хятадад амжилттай үйл ажиллагаа явуулаад зогсохгүй 2022 онд АНУ-ын цахилгаан автомашины Tesla компанийг ардаа орхин дэлхийн хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгч компани болж чадсан юм.
BYD-ийн хөгжингүй зах зээлд нэвтрэх асуудал АНУ болон Европын холбооны шийдвэрээс болж зогсонги байдалд ороод байгаа билээ.
Тодруулбал өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын тал Хятадын цахилгаан автомашины татварыг 25 хувиас 100 хувь хүртэл нэмэгдүүлэхээ мэдэгдсэн бол Европын холбоо мөн л өнгөрсөн сарын 5-ны өдрөөс эхлэн Хятадын цахилгаан автомашины 10 хувийн татвар дээр 17.4 хувийн нэмэлт татвар ногдуулснаар нийт татварын хэмжээ 38.1 хувьд хүрээд буй юм.
Эх сурвалж: MBC